Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монголчууд түүхэн хүмүүс дундаас их хааныхаа нэрийг хамгийн ихээр хүүхдэдээ өгдөг

З.Санжаа, iKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN

Монголчууд шинээр мэндэлсэн хүүхдэдээ түүхэн хүмүүсийн нэрийг багагүй өгдөг болохыг доорх дүрслэл харуулж байна.

Тэр дундаа монголын түүхэнд тод тэмдэглэгдсэн их хааны бага залуу үеийн ТЭМҮҮЖИН нэрийг бусад түүхэн цаг үед амьдарч байсан хүмүүсийнхээс илүү их өгдөг ажээ. Ж нь: 2010-2015 онд жилд 300-400 хүнд (дунджаар 366 хүнд) Тэмүүжин нэр өгсөн. 2016-2019 онд жилд 200-300 хүнд (дунджаар 257 хүнд), 2020 оны эхний 11 сарын байдлаар 131 хүнд Тэмүүжин нэр өгсөн. Сүүлийн жилүүдэд энэ нэрийг хүүхдэдээ өгөх хандлага буурч байгаа боловч бусад түүхэн нэртэй харьцуулахад өндөр хэвээрээ.

Түүхэн хүмүүсийн нэртэй адил нэртэй хүмүүсийн тоо. 

Тэгвэл өнөөгийн улстөрчдийн нэртэй адилтгаж харвал Х.Баттулга, Н.Энхбаяр нарын нэрийг хамгийн их өгдөг байна. Хэдийгээр эдгээр нэрс нь монголчуудын дунд нийтлэг хэдий ч Х.Баттулга 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон, тухайн жил ийм нэртэй хүний тоо огцом өсж 137 болсон. Үүнээс өмнө нь жилд 50-60 хүнд Баттулга гэсэн нэрийг өгдөг байжээ.

Хэрвээ улстөрчдийн нэрийг хүүхдэдээ өгдөг уламжлал байсан бол энэ цаг үед Хүрэлсүх, Занданшатар гэсэн нэрний тоо өсөн нэмэгдэх ёстой. Гэвч онцын өөрчлөлт харагдсангүй.

Мөн сүүлийн 10 жилд Нямдорж, Энхболд, Энхбаяр гэсэн нэрийг хүүхэддээ өгөх хандлага буурсан бол бусад сонгож авсан ултөрчдийн нэр тогтвортой байна.

Улстөрчдөөс илүү бөхөд хүндэтгэлтэй ханддаг нь дүрслэлээс харагдаж байна.

Өмнө нь Бат-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгдөг байсан бол сүүлийн 10 жилд Эрхэмбаяр, Түвшинбаяр гэсэн нэрийг хамгийн их өгсөн. Ерөөс тухайн жилийн наадмаар түрүүлсэн бөхийн нэр тэр жилдээ трэнд болдог байх нь. Жишээ нь 2013 онд Г.Эрхэмбаяр түрүүлсэн, Н.Батсуурь 2014, 2018 онуудад түрүүлсэн ... г.м. Энэ оны 11 сарын байдлаар Бүрэнтөгс нэрийг бусад бөхчүүдээс хамгийн ихээр өгсөн байгааг мөн л улсын наадмын үр дүнгээр тайлбарлана. 

Бат-Эрдэнэ, Даваажаргал, Дагвадорж, Эрхэмбаяр, Түвшинбаяр, Санжаадамба гэсэн нэрс буурах хандлагатай.

Статистик эх сурвалж: 1212.mn