Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Японы иргэдийн дунд амиа хорлох үзэгдэл сүүлийн дөрвөн сар дараалан өсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийн нөлөөгөөр Япон улсад сүүлийн дөрвөн сар дараалан амиа хорлох үзэгдэл нэмэгдсэнийг тус улсын засгийн газраас Мягмар гарагт гаргасан тоо баримт харуулжээ.

Тухайлбал энэ оны аравдугаар сард Япон улсад амиа хорлох үзэгдэл 2,153 бүртгэгдсэн нь өмнөх сараасаа 300 гаруйгаар нэмэгдсэн тохиолдол юм байна.

Мөн 2015 оны тавдугаар сараас хойш нэг сарын дотор хамгийн олон бүртгэгдсэн тохиолдол болжээ.

Аравдугаар сард бүртгэгдсэн нийт амиа хорлолтын 851-ийг нь эмэгтэйчүүд, үлдсэнийг нь эрэгтэйчүүд үйлдсэн байна. 2019 оны аравдугаар сартай харьцуулбал эмэгтэйчүүдийн амиа хорлолт 82.5 хувь, эрэгтэйчүүдийнх 21.3 хувиар өсжээ.

Японд энэ оны долдугаар сараас эхлэн амиа хорлох явдал нэмэгдсэн нь коронавирусийн цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Эдийн засгийн хямрал хамгийн хүнд туссан жижиглэн худалдаа, үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд голдуу ажилладаг нь тэдний дунд амиа хорлолт нэмэгдэх шалтгаан болсон гэж дүгнэжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй долоон гүрний дотор амиа хорлолтоор нэгдүгээрт бичигддэг Япон улсад 2003 онд 34,427 хүн сайн дураараа хорвоог орхисон нь хамгийн оргил үе байв. 2007 оноос эхлэн тус улсын засгийн газар урьдчилсан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд буураад байжээ.

2019 онд Японд нийт 20,000 гаруй хүн амиа хорлосон байна.

 

Эх сурвалж: Reuters