Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Беларусь, Киргиз, Молдовт гадаадаас нөлөөлж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага буюу ШХАБ-ын дээд түвшний чуулган өчигдөр виртуал горимд эхэлжээ.

Чуулганы нээлтэд үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын дотоод хэрэгт гадаадаас нөлөөлж байгааг шүүмжилсэн байна.

Тэрбээр Беларусь, Киргизстан, Молдов улсуудын дотоод улс төрийн амьдралд гадаадаас нөлөөлөх оролдлого гарч байгааг дурдаад үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүйг анхааруулжээ.

Беларусьт наймдугаар сарын 9-ний өдөр болсон сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл гурван сарын турш үргэлжилж байгаа. Энэ сонгуулиар тав дахь удаагаа сонгогдсон Александр Лукашенко иргэдийн эсэргүүцэл тэмцлийг Өрнөдийн орнуудын зохион байгуулсан явуулга гэж үзэж байгаа юм.

“Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа манай Беларусийн анд нөхөд урьд өмнө үзээгүй их дарамт шахалт, хориг, өдөөн хатгалга, суртал нэвтрүүлгийн дайралтыг амсаж байна. Беларусийн ард түмэн өөрийн асуудлыг гадны оролцоогүйгээр шийдэх ёстой” гэж Путин мэдэгджээ.

Тэр бас Киргизстан, Молдовт өрнөж буй улс төрийн үйл явдалд гадаад орнуудаас нөлөөлж байгааг хэлсэн байна.

Өнгөрсөн сард болсон парламентын сонгуулийн дараа Киргизстанд улс төрийн тогтворгүй байдал үүсч, ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцроод байгаа.

Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Молдовт болсон сонгуулиар Европын талыг баримтлагч Майяа Санду эхний шатанд шалгарч, дараагийн шатанд Москвагийн талыг баримтлагч, одоогийн ерөнхийлөгч Игорь Додонтой өрсөлдөх болоод байна.

Нээлтийн үгэндээ Путин коронавирусийн цар тахалтай тэмцэхэд хамтран ажиллах талаар ШХАБ-ын гишүүн орнууд хамтарсан мэдэгдэл гаргах болсныг зарлажээ.

ШХАБ-д одоо Хятад, Орос, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Пакистан, Тажикстан, Узбекстан улсууд үндсэн гишүүнээр багтдаг.

Афганистан, Беларусь, Иран, Монгол улсууд ажиглагчийн статустай оролцдог бол Армени, Азербайжан, Камбож, Балба, Турк, Шри Ланка улсууд яриа хэлэлцээний түншийн статустай оролцдог юм.

 

Эх сурвалж: ТАСС