Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Монгол Улс бүхэлдээ Ковид-19-д “бүслэгдсэн” байгааг мартаж болохгүй

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр цар тахлын хүнд үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа.

 Зарим боомтууд дахь тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв

Гэрэл зургийг mpa.mn

МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Ерөнхий сайд болон албаны хүмүүст байгууллагын үйл ажиллагаа, бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэнд талархал илэрхийлээд COVID-19, агаарын бохирдол, “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” төсөл болон ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа зэрэг тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв.

Тэрбээр цар тахлын үед Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг зөвлөн туслах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого баримтлан хийж байгааг онцлоод “Бидний гол анхаарлаа хандуулж байгаа асуудал бол коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажил. Өнөөдрийн байдлаар 15 боомтод 485 улсын байцаагч, 121 ариутгагч, лабораторийн шинжээч, албан хаагч ажиллаж байна.

Манай улсад бүртгэгдсэн “Ковид-19”-ийн тохиолдлуудын 40 гаруй хувь нь зөвхөн Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн иргэдээс илэрсэн. Тиймээс хойд хилийн боомтуудын хяналтыг чангатгах арга хэмжээ авч байна. Гэсэн ч хамгийн халуун цэг болох боомтуудад нэн даруй шийдвэрлэх олон асуудал бий” гээд зарим боомтууд дахь тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мэргэжлийн хяналтын байгууллагад хийгдэж буй шинэтгэлийн ажил болох хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон дижитал шилжилтийн ажлыг эхлүүлснээ танилцуулав. 2020 оноос эхлэн дөрвөн үе шаттайгаар хэрэгжих “Дижитал шилжилт-хэрэглэгчийн хяналт” төсөл нь иргэд, хэрэглэгчдийн төрөөс авч буй үйлчилгээг энгийн, шуурхай байдлаар хүргэх, тэдний оролцоотой хяналт шалгалтын механизмыг бий болгох зорилготой юм.

МХЕГ-ын дарга Т.Гантулгын мэдээллийн дараа Ерөнхий сайд 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2,200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй цахимаар уулзаж, хилийн боомтуудад ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг сонсов.

Халуун цэгт нь ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн олон улс орнууд коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгдэж, хариу арга хэмжээг авч байна.

Монгол Улс дотооддоо уг вирусийн халдварыг алдаагүй цөөхөн орны нэг болж үлдлээ. Бид  3.3 саяулхнаа, тиймээс халдварыг дотооддоо алдахгүйн төлөө анхаарал сэрэмжтэй байж,  хараа хяналтаа улам сайжруулах ёстой. Энэ завшааныг ашиглан Ковидын халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн түрүүнд, халуун цэгт нь ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл, эр зоригийн хүчээр өнөөдөр Монгол Улс тайван байна.

Гэхдээ Монгол Улс бүхэлдээ Ковидод “бүслэгдсэн” байгаа гэдгийг мартаж болохгүй. Бид Ковидтой “хориглон хамгаалах тулаан” хийж байна. Хором ч сэрэмж алдаж болохгүй. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ч мэргэжлийн хяналтын байгууллага оройлон маш сайн ажилласныг онцолмоор байна. Өнгөрсөн өвөл Нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахад Мэргэжлийн хяналтын 530 гаруй байцаагч өдөр шөнийг ялгалгүй ажилласныг бид мэднэ” гэлээ.

Ковидын халдварыг дотооддоо алдахгүй байх, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгов

Гэрэл зургийг mpa.mn

Уулзалтын төгсгөлд тэрбээр “Нэгэн үе энэ байгууллагыг удирдаж байсан хүний хувьд би та нөхдийн жаргал зовлонг сайн мэднэ. Шалгуулж байгаа, алдаа гаргасан хүн түүнийгээ хүлээх дургүй байдаг. Гэсэн ч та бүхэн мэргэжлийн бай, муу хэлэгдэхээс бүү ай. Дижитал шилжилт зэрэг шинэтгэлийн ажлууд эхлүүлж байгаад талархаж байна. Төр байгаа цагт хяналт шалгалт байна. Та бүхнийг  хуулиас дээгүүр гишгэх гэсэнтэй нь хариуцлага тооцож чаддаг, хичээж яваад нь зөвлөн туслах анд нөхөр нь болж чаддаг, хатуу зөөлөн аргыг хавсран хэрэглэдэг байгууллага байгаасай гэж хүсэж байна” гээд Ковидын халдварыг дотооддоо алдахгүй байх, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг, цар тахлын хүнд үед аж ахуйн нэгж байгууллагуудыг хуулийн хүрээнд дэмжин ажиллах бодлого баримтлахыг үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар МХЕГ, 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, байнгын үйл ажиллагаатай 26 хилийн боомт, 16 гүний терминалд 26 хяналтын чиглэлийн 2,200 улсын байцаагч 105 хууль, 4,400 стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 06-аас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хилээр нэвтэрсэн 330 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 500 орчим мянган зорчигчид хяналт, эрүүл мэндийн  тандалтыг хийж, 21,353 зорчигчийг тусгаарлах байранд шилжүүлэн, халдварын сэжигтэй 100 орчим гадаадын иргэнийг холбогдох байгууллагатай хамтран тухайн орон руу нь буцаажээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг зөрчсөн 109 зөрчлийг илрүүлэн, 716 тонн түүхий нүүрсийг журамласан байна.

 

 

Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар