Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд нь Уулын Карабахт гал зогсоох гэрээ байгуулсны дараа уурссан иргэд Арменийн парламентыг эзлэв

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Уулын Карабахт гал зогсоож, Азербайжантай энхийн гэрээ байгуулахаар болсныг эсэргүүцсэн Арменийн иргэд өнөөдөр парламентынхаа ордонд дайран оржээ.

Өнгөрсөн шөнө гэрээ байгуулах тохиролцоонд хүрснээ Арменийн ерөнхий сайд Никол Пашинян зарласан юм. Үүний дараа нийслэл Ереваны гудамжинд олон зуун хүн цугларч, ерөнхий сайдынхаа шийдвэрийг эсэргүүцэж эхэлжээ.

Тэд Пашиняны амьдардаг ордон руу чулуу нүүлгэж, цонхыг нь хагалсан байна. Мөн үүдний хаягийг нь хуулж, “Пашинян биднээс урвалаа" хэмээн хашхирч байжээ.

Удалгүй бухимдсан иргэд Арменийн парламентын ордон руу дайран орж, индэр дээрээс нь эсэргүүцлийн үг хэлсэн байна. Тэд парламентын спикер Арарат Мирзояныг ухаан алдтал нь зоджээ.

Сар хагас орчим хугацаанд Уулын Карабахт үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнд Азербайжаны тал өөрийгөө ялсанд тооцож байгаа. Тэд стратегийн ач холбогдолтой Шуша хотыг эзэлснээ Ням гарагт зарласан бол Даваа гарагт дахин хэд хэдэн чухал байрлалыг нэмж эзэлсэн байна.

ОХУ-ын зуучилж байгуулсан гэрээ ёсоор Арменийн цэрэг Уулын Карабахын хилийн гадна оршдог эзэлж авсан газруудаасаа гарахаар болжээ. Эдгээрийн дотор Азербайжаны Агдам дүүрэг багтаж байна.

Мөн Арменийг Уулын Карабахтай холбодог гол зам болох Лачиныг буцааж өгөхөөр болжээ. Лачины корридорыг цаашдаа ОХУ-ын 2,000 орчим цэрэг хамгаалахаар болсон байна.

Гэрээ байгуулсны дараа Арменийн ерөнхий сайд Никол Пашинян “Би хувь хүнийхээ өмнөөс болон бусад бүх хүмүүсийн өмнөөс маш хэцүү шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Тэрбээр гэрээний зарим нөхцөл нь “намайг төдийгүй ард түмнийг маань маш ихээр эмзэглүүлсэн” шийдвэр гэж бичсэн байна.

Арменийн сөрөг хүчнийхэн түүнийг огцрохыг шаардаж, төрийн эрхийг Уулын Карабахт дайн дуустал түр засгийн газарт шилжүүлэхийг шаарджээ.

Гэрээний бас нэг нөхцөл нь Армени, Иран, Турктэй хиллэдэг Азербайжаны тасарсан нутаг Нахичеваныг Азербайжантай холбосон автозамыг Арменийн нутагт гаргаж өгөх юм байна.

Гэрээнд ОХУ болон Азербайжан улсуудын удирдагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. 

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев “Гурван талын байгуулсан гэрээ нь зөрчил маргааныг арилгах гол хүчин зүйл болох ёстой” гэж мэдэгджээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Уг гэрээ нь Уулын Карабахт удаан хугацаанд үргэлжилсэн зөрчлийг арилгах суурь нөхцлийг бүрдүүлнэ” гэж үзэж байгаагаа хэлсэн байна.

30,000 орчим хүн амь үрэгдсэн 1991-1994 оны дайны үеэр Арменийн зэвсэгт бүлэглэл Уулын Карабахт хяналтаа тогтоосноос гадна Азербайжаны нутаг дэвсгэрийн зарим хэсгийг эзлэн авсан гэж Бакугийн эрх баригчид үздэг.

Харин Арменийн тал Азербайжаны нутгаас булаан эзэлснийг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press