Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын өмнөх дэд дарга нар намын даргын сунгаанд өрсөлдөх эсэхийг дүрмийн шинэчлэлээр шийднэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Намын Их хурал энэ сарын 16-нд товлогдоод буй. Энэ удаагийн хуралдаанаас намын даргыг сонгоно гэдэг хүлээлт АН-ын гишүүд, дэмжигчид байгаа. Гэвч арваннэгдүгээр сарын 16-нд АН-ын дарга тодрохгүй нь. 

Учир нь энэ удаагийн Их хурлаар намын дүрмээ шинэчлэн батлахаар болжээ. Ингэхдээ одоогийн мөрдөж буй дүрмээр намын Их хурлын өмнө Үндсэн бодлогын хороо хуралдаж дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батална. ҮБХ-гоор дэмжигдсэн нэмэлт, өөрчлөлтийг намын Их хурлаар хэлэлцүүлэн батлах юм. Хуулийн дагуу намын Их хурлаар шинэчлэн баталсан дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Ингэж байж намын дүрэм хүчин төгөлдөр үйлчлэх ёстой.

Одоогоор намын дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан анхан шатны нэгжүүдээс санал авахаар хүргүүлээд байгаа аж. 

Дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа шинэчлэгдсэн дүрмийн дагуу намын даргыг сонгох процесс эхэлнэ. Тиймээс дүрмийн өөрчлөлтөд ямар заалт оруулах нь анхаарал татаад буй. 

Одоогийн дүрэмд намын дэд дарга нарын үүрэг, хариуцлагыг тодорхой заасан заалт байдаггүй. Дээр нь намын дарга хариуцлага хүлээн үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд дэд дарга нар ч мөн адил чөлөөлөгдөж, намын даргад нэр дэвших эрхгүй болдог.

Дэд дарга эрх, үүрэггүй хэр нь намын даргатай адил хэмжээнд хариуцлага хүлээдэг байдлыг энэ удаагийн дүрмийн шинэчлэлээр өөрчлөх гэж байгааг эх сурвалж хэллээ. 

Ингэснээр өмнө нь АН-ын дэд даргын албан тушаал хашиж байсан Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Ц.Туваан зэрэг хүмүүс намын даргын сунгаанд өрсөлдөх үүд нээгдэх юм. 

Түүнчлэн одоогийн дүрмийн дагуу УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар намын даргын сунгаанд оролцохоо илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, гишүүн асан Л.Гантөмөр, АН-ын гишүүн Н.Тэгшбаяр нарын нэр ч даргын сунгаанд оролцогсдын дунд яваа. 

Намын Их хурлаас баталсан дүрмийн шинэчлэл Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа хүчин төгөлдөр болох учраас намын даргыг сонгох үйл явц оны сүүлчээр шийдэгдэх бололтой. 

Ийнхүү намын дүрэм шинэчлэгдсэнээр даргын сунгаа дахин зарлагдаж, өмнө нь яригдаж байсан нэр дэвшигчдийн нэр илүү олон болох магадлалтай байна.