Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын шинэ ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл ямар ажлууд хийгдэх вэ?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
2017 оны нэгдүгээр сард Дональд Трампын тангараг өргөх ёслолын үеэр

Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь өнгөрсөн Бямба гарагт тодорхой болсон.

Шинэ ерөнхийлөгч тангараг өргөж, Цагаан ордонд залрах хүртэл цөөн хэдэн ажил үлдээд байна.

Эдгээр ажлуудыг танилцуулбал:

Арванхоёрдугаар сарын 8: Муж тус бүр сонгуультай холбоотой маргаан, гомдлыг энэ өдрөөс өмнө шалгаж, эцэслэх ёстой.

Арванхоёрдугаар сарын 14: Бүх мужуудын нийт 538 сонгуулийн төлөөлөгч өөр өөрийн мужийн нийслэлд цугларч, саналын хуудас бөглөнө. Тэд жирийн сонгогчдын өмнөөс төлөөлөн нэр дэвшигчдийг сонгох эрх хүлээсэн хүмүүс юм. Нийт 33 муж болон нийслэл Вашингтон хот оршдог Колумби дүүргийн хуулиар сонгуулийн төлөөлөгчид заавал мужийнхаа сонгогчдын олонхын саналын дагуу сонголт хийх ёстой. Хэрвээ үүнийг зөрчвөл тухайн төлөөлөгчийг солих, шийтгэх зэрэг арга хэмжээ авдаг. Ингэж сонгогчдын саналаас зөрсөн төлөөлөгчийг “итгэл эвдсэн төлөөлөгч” гэж нэрлэдэг байна.

Ингээд төлөөлөгчдийн саналын хуудаснуудыг нэгтгэж, баталгаажуулаад АНУ-ын сенат болон бусад төрийн байгууллагууд руу шуудангаар илгээдэг байна.

Арванхоёрдугаар сарын 23: Хаяглагдсан байгууллагууд энэ өдөр бүгд сонгуулийн төлөөлөгчдийн саналын хуудаснуудыг хүлээж авсан байх ёстой.

2021 оны нэгдүгээр сарын 6: АНУ-ын конгрессын дээд, доод хоёр танхим нэгдсэн чуулган хийж, төлөөлөгчдийн саналыг тоолно. Хэрвээ нэг нэр дэвшигч 270 ба түүнээс дээш төлөөлөгчийн санал авсан бол Сенатын дарга шууд үр дүнг зарлана.

Хэрвээ аль ч нэр дэвшигчийн авсан төлөөлөгчдийн санал 270 хүрээгүй бол АНУ-ын үндсэн хуулийн 12 дугаар нэмэлтийн дагуу конгрессын доод танхим буюу төлөөлөгчдийн танхим санал хураалтаар ерөнхийлөгчийг сонгоно.

2021 оны нэгдүгээр сарын 20: Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Өмнөх ерөнхийлөгч шинэ ерөнхийлөгчийг Цагаан ордонд угтаж авдаг. Тангарагийн ёслолд одоо амьд сэрүүн байгаа АНУ-ын бүх ерөнхийлөгч асан эрхмүүд оролцдог уламжлалтай. 

 

Эх сурвалж: The Guardian