Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Амаржаргалан: Монгол оюутан Коосэн хөтөлбөрөөр суралцагчид дотроо сурлагаараа нэгдүгээрт жагссан

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон улсад суралцах 59 оюутанд батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо. 

Энэ талаар "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн ахлах зөвлөх Т.Амаржаргалан "Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 49, докторын зургаа, судлаачаар суралцах дөрөв буюу нийт 59 оюутан багш судлаачид Япон улсад суралцах эрхийн батламжаа гардан авлаа. Эдгээр оюутнууд онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн тусгай үүргийн нислэгээр Япон улсыг зорих юм.

Монгол орны өнцөг булан бүрээс хамгийн сайн суралцах чадвартай хүүхдүүдийг сонгож авснаараа манай хөтөлбөр онцлогтой. Эдгээр хүүхдүүд өнгөрсөн хавраас онлайнаар хичээлээ үзэж эхэлсэн. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөлийн улмаас арваннэгдүгээр сард сурахаар явж байна.

Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин чанарыг шинэчлэх сайжруулах зорилгоор сургалт судалгааны үйл ажиллагааг 2014 оноос хойш өдгөө 6 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн жил монгол оюутан Японд Коосэн хөтөлбөрөөр суралцагчид дотроо сурлагаараа нэгдүгээрт жагсаж байсан. Энэ бол бахархмаар амжилт. 

Коосэн хөтөлбөрийн оюутнууд ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт 1.5 жил суралцаад Япон улсын Коосэн сургуульд гурван жил суралцан төгсдөг. Тус хөтөлбөрт төслийн санхүүжилтээр 147 оюутан суралцаж эхний хоёр элсэлтийн 54 оюутан төгсөөд эх орондоо мэргэжлийн дагуу ажиллаж байна. 2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 670 оюутан, судлаач багш төсөл хөтөлбөрт хамрагдсан нь суралцуулах зорилтот 1,000 инженерийн 67 хувийг эзлэж байна" гэв. 

 Гүүрийн барилгын чиглэлээр суралцана

 
Гэрэл зургийг mpa.mn

ШУТИС-ын оюутан З.Замилан "Ахлах ангид орсон цагаасаа эхлэн Японд суралцах сонирхолтой байсан. Тавдугаар сард шалгалт өгөөд, ЭЕШ-ын дүн дээр үндэслээд тэнцсэн. Манай хөтөлбөрийн онцлог нь хоёр жилийн хугацаанд байнга шалгалт авдаг.

Япон хэлний шалгалт аваад тэнцэхгүй бол шууд л хасагдах хатуу шалгууртай. 10 сургуулиас хоёр сургуулийг сонгоод ярилцлага өгнө. Энэ хоёр сургуулийнхаа аль нэгэнд тэнцэж байж Япон явах эрх нээгдэнэ. Барилга, хүрээлэн буй орчны чиглэлээр суралцана. Японд очоод мэргэжлээ илүү гүнзгийрүүлж мэргэшинэ.  Ингэхдээ гүүрийн барилгын чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.  

Өнөөдөр батламжаа гардаж авсан 59 оюутан судлаач багш бүгд инженерийн чиглэлээр хоёроос гурван жил суралцаж төгсөөд эх орондоо ирж мэргэжлээрээ таван жил ажиллах болзолтойгоор Япон улсыг зорьж байгаа ажээ.