Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Улаанбаатарын замаар зорчиход юуг анхаарах вэ?

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км замын бүтээн байгуулалтын ажил таван багц болгон хувааж, хэрэгжүүлж байгаа.

Бүтээн байгуулалтын ажлын явцыг багц тус бүрээр танилцуулбал,

  • I багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын хучилтын ажил бүрэн дууссан.
  • II багц: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замд зарим засварын ажлуудыг гүйцэтгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.
  • III багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын 15.5 км-ынх нь хучилтын ажил дууссан бол 20.9 км замыг 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар, үлдсэн хэсгийг 3 хувийн цементээр бэхжүүлсэн хөрсөн сууриар хөдөлгөөнийг нээгээд байна.
  • IV багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замд засварын ажлуудыг гүйцэтгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.
  • V багц: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын 12.25 км-т хучилтын ажил дууссан бөгөөд 18.28 км- замыг 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар хөдөлгөөн нээжээ.

Нийт замын гуравны нэг буюу 70 орчим км зам 3 болон 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар байгаа бөгөөд тэдгээр хэсгээр зорчихдоо юуг анхаарах ёстойг Зам, тээврийн сайд Л.Халтар онцгойлон анхааруулсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "3 болон 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар зорчиж байгаа үед тоос босох, чулуу үсрэх эрсдэлтэй. Тиймээс тээврийн хэрэгсэл хоорондын зайг баримталж хөдөлгөөнд оролцоорой. Мөн энэ зам бол 60 км/ц-н хурдтай зорчиход зориулагдсан төлөвлөлттэй гэдгийг хэлмээр байна. Замыг хэсэгчлэн нээгээд тэмдэг, тэмдэглэгээ байршуулах ажил хийгдэж байхад жолооч нар өндөр хурдтай зорчиж, ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байсныг ажилчид хэлж байсан. Тэгэхээр иргэддээ хатуу хучилттай замд хурдаа тохируулж, чулуун суурьтай хэсэгт хоорондын зайгаа барихыг дахин дахин анхааруулж хэлмээр байна" гэлээ.

Замын бүтцийг зургаар харуулбал:

 
Гэрэл зургийг mpa.mn

Гүйцэтгэгч компани нь ажлаа явуулах боломжгүй хэмээн татгалзаад байгаа II, IV багц буюу нийт 90 орчим км замын засвар арчлалтад Замын сангаас 350 сая төгрөгийг зарцуулсан байна. Үргэлжлүүлэн өвлийн арчлалтад 528 сая төгрөгийн арчлалтын ажил хийгдэх тооцоо гарчээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 оныг "Замын засвар, арчлалтыг сайжруулах жил" болгон зарлахаар болжээ. Энэ хүрээнд ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ зам тавихгүй бөгөөд хуучин замуудынхаа засварыг хийж дуусгахаар төлөвлөж байгааг салбарын сайд хэлж байв.
ФОТО

Гэрэл зургийг Д.Занданбат /Mpa.mn/