Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжан улс Уулын Карабахын гол хотыг эзэлж авснаа зарлажээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Армени үндэстний салан тусгаарлагчдын мэдэлд байгаа Уулын Карабахын нутгийн гол хотыг эзэлж авснаа Азербайжан улс зарлажээ.

Азербайжаны зэвсэгт хүчин стратегийн ач холбогдолтой Шуша хотыг эзэлж авсан тухай тус улсын ерөнхийлөгч Илхам Алиев өчигдөр мэдээлсэн байна.

Харин Арменийн тал үүнийг няцаагаад тулаан эн тэнцүү үргэлжилж байгааг зарлажээ.

Хэрвээ Азербайжаны талын өгсөн мэдээлэл үнэн бол Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөнд тус улс давамгайлж байгаа гэсэн үг юм. Олон улс Азербайжаны газар нутаг хэмээн зөвшөөрдөг Уулын Карабах 1994 онд гал зогсоох хэлэлцээр байгуулагдсанаас хойш Армени үндэстний салан тусгаарлагчдын хяналтад байгаа.

Уг бүс нутагт есдүгээр сарын 27-нд шинэ дайн эхлээд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд гал зогсоох тохиролцоо гурван удаа хийгдсэн боловч аль нь ч хэрэгжиж чадаагүй юм.

Шуша хотыг чөлөөлсөн нь Азербайжаны ялалтын эхлэл юм гэж хэлсэн Алиев “Биднийг зогсоох ямар ч хүч энэ дэлхийд байхгүй” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC