Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын гүнж Парис хот дахь гэрээсээ 600,000 еврогийн эд зүйлс хулгайд алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын нэг гүнж Парис хот дахь гэрээсээ 600,000 еврогийн үнэ бүхий тансаг эдлэлүүдээ хулгайд алдсаныг Францын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Нэрийг нь нууцалж байгаа 47 настай гүнж наймдугаар сараас хойш Парис дахь гэртээ очоогүй байсан гэнэ. Тэрбээр саяхан Францад ирэхдээ их хэмжээний эд зүйлсээ хулгайд алдсаныг мэдээд сэтгэл санааны цочролд орж, эмнэлэгт хүргэгджээ.

Парис хотын зүрхэнд оршдог Тавдугаар Жорж хааны нэрэмжит гудамжинд гүнжийн эзэмшлийн орон сууц байдаг гэнэ. Хулгайч сууцны хаалгыг хүч хэрэглэлгүй онгойлгож орсон байжээ. 

Алдагдсан эд зүйлсийн дотор нэг бүр нь 10,000-30,000 еврогийн үнэ бүхий 30 ширхэг Hermes брэндийн цүнх байсан гэнэ. Мөн Cartier брэндийн бугуйн цаг, гоёлын үнэт эдлэлүүд, арьс үсэн эдлэлүүд байжээ.

Парис хотын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг энэхүү хэргийг шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан мөрдлөгөөр гүнжийн орон сууцны нөөцийн илүү түлхүүр алга болсныг тогтоожээ.

 

Эх сурвалж: AFP