Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн орой Пенсильвани мужийн санал тооллогын дүн гарснаар Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болох болзлоо хангалаа.

Тус мужийн 20 төлөөлөгчийн саналаас гадна Невада мужийн 6 төлөөлөгчийн санал нэмэгдсэнээр Байден нийт 279 саналтай болсныг CNN, BBC агентлагууд зарлажээ. Associated Press, NBC, New York Times, Washington Post зэрэг гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бас Байдены цуглуулсан саналын тоо 270-ын босгыг давсан тухай мэдээлсэн байна.

 

Харин одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Мэйн мужаас нэг санал нэмж, нийт 214 саналтай болжээ. АНУ-ын 50 мужаас зөвхөн Небраска, Мэйн хоёр муж төлөөлөгчдийн саналаа хоёр өрсөлдөгчид пропорцын дагуу хувааж өгдөг уламжлалтай юм.

Жо Байден өнөөдрийн байдлаар 74 сая гаруй сонгогчийн саналыг аваад байгаа нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өмнөх дээд амжилтыг 2008 онд Барак Обама тогтоож байжээ.

Энэ удаагийн сонгуулиар Байден өмнөх сонгуульд Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч ялж байсан Уисконсин, Мичиган, Пенсильвани мужуудыг өөртөө эргүүлж чадсан юм.

Жо Байден нь АНУ-ын түүхэнд өмнөх ерөнхийлөгчтэй өрсөлдөөд ялж чадсан 11 дэх хүн болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд анх өрсөлдөж байснаасаа хойш 32 жилийн дараа, анх сенатын гишүүн болсноосоо хойш 48 жилийн дараа тэр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн болох гэж байгаа.

Байдены дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон Камала Харрис АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй, анхны Африк гаралтай, анхны Ази гаралтай дэд ерөнхийлөгч болж байна.

Калифорни мужид төрсөн Харрисын ээж нь Энэтхэг, аав нь Ямайкийн цагаачид байжээ.

Байдены ялалтыг зарлаж байх үед Дональд Трамп гольф тоглож байсныг хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэр өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөх бодолгүй, сонгууль луйвартай болсон тул шүүхэд хандахаар бэлдэж байгааг ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.

Гэхдээ хуулийн мэргэжилтнүүд Трампын оролдлого бүтэлтэй болохгүй гэж үзэж байна. АНУ-ын холбоотон орнуудын удирдагчид Жо Байденд баяр хүргэж эхэлсэн нь сонгуулийн үр дүн нэгэнт гарсныг батлан харуулжээ.

Тухайлбал Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Германы канцлерь Ангела Меркель нар шинэ ерөнхийлөгчид баяр хүргээд байна.

Энэ удаагийн сонгуулийг ажиглагчид, судлаачид АНУ-ын түүхийн хамгийн хүнд, эгзэгтэй үед болсон сонгуулиудын нэг гэж үзэж байгаа. Тэд 2020 оны сонгуулийг 1860-аад оны иргэний дайны үеийн, 1930-аад оны их хямралын үеийн сонгуулиудтай харьцуулж байна.

Жо Байденыг хамгийн түрүүнд коронавирусийн цар тахалтай тэмцэх, үзэл бодол, арьс өнгөөрөө хуваагдсан америкчуудыг нэгтгэж, нийгмийг тогтворжуулах чухал зорилтууд хүлээж байгаа юм.

 

Эх сурвалж: CNN, Reuters