Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Онцгой нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх хүнсний нөөц бүрдүүлэлтийн тусгай төлөвлөгөөг ирэх 7 хоногт танилцуулна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирэх долоо хоногт хүнсний нөөц бүрдүүлэлттэй холбоотой тусгай төлөвлөгөөг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.

"Цагааннуур, Боршоо боомтын үйл ажиллагааг түр хаасантай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд асуудал үүсэхгүй"

Тэрбээр "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний нөөцийн асуудалд судалгаа хийсэн. Судалгаагаар хүнсний гол нэрийн долоон бүтээгдэхүүний нөөц байх түвшиндөө буюу хангалттай хэмжээнд байна.

Цагааннуур, Боршоо боомтын үйл ажиллагааг түр хаасантай холбоотойгоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ямар нэг асуудал үүсэхгүй. Учир нь тухайн хоёр боомтоор зөвхөн цагаан будаа л импортоор орж ирдэг. Харин бусад бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотоос орон нутаг руу зөөвөрлөдөг.

Цаашид коронавирусийн улмаас боомтуудын үйл ажиллагаанд өөрчлөлт орсон ч төмөр замын тээвэр нээлттэй байна гэж ойлгож байна. Тиймээс хүнсний аюулгүй байдлын тал дээр иргэд сандрах хэрэггүй.

Бид бүхэн ер нь онцгой байдал үүсвэл яах вэ гэдгийг судалж байна. Учир нь ОХУ энэ жил улаан буудайн ургацаа хангалттай авсан ч Европын холбооны улсууд өөрөө ургацаа алдчихсан байна.

Ер нь ОХУ-аас улаан буудай импортолдог бүх улс ургацаа алдчихсан байдалтай байгаа учир ОХУ ирэх оноос эхлэн улаан буудайн экспортдоо квот тогтоож магадгүй гэх мэдээлэл байна.

Тиймээс бид онцгой нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдэг үүднээс ирэх долоо хоногт Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хүнсний нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудлаар тусгай төлөвлөгөөг танилцуулахаар ажиллаж байна.

Гэхдээ одоогийн нөхцөл байдлаар манай улсад хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгааг дахин хэлье” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2436941519948441