Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн алдартай гэр бүл 14 хүүтэй болсныхоо дараа охинтой болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Мичиган мужийн нэг гэр бүл 14 хүү төрүүлж өсгөсний эцэст охинтой болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тэдний анхны хүүхэд бараг 30 жилийн өмнө мэндэлсэн юм байна.

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Катери Швандт 3.4 кг жинтэй охин төрүүлжээ. Охины эцэг Жэй Швандт “олон жилийн дараа 14 ахтай охинтой болсондоо хязгааргүй баярлаж байна” хэмээн ярьсан байна. Хос хоёр хоёул энэ жил 45 нас хүрсэн юм.

Швандтын гэр бүл Америк даяар алдартай. Тэд “14 Oudtoorsmen” нэртэй гэр бүлийнхээ шоуг лайв стриминг технологи ашиглан олон нийтэд цацдаг.

Одоо тэд Мэгги Жэйн нэртэй бяцхан охинтой болсон тул уг шоуныхаа нэрийг сольж магадгүй болжээ.

Тэдний хамгийн том хүүхэд болох 28 настай Тайлер Швандт “Ээжийгээ би ямар нэг ягаан өнгийн, эмэгтэйлэг хувцас өмсөж байсныг огт санахгүй байна” гэж ярьжээ.

Өөрөөр хэлбэл эдний гэр бүл жинхэнэ утгаараа “эрчүүдийн ертөнц” юм байна.

Жэй, Катери нар анх дунд сургуульд байхаасаа үерхэж, 1993 онд 18 нас хүрмэгцээ гэрлэж байжээ. Хамтдаа их сургуульд суралцаж, төгсөхдөө гурван хүүтэй болоод байсан гэнэ.

Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар хос хоёр мэдлэг боловсролоо амжилттай дээшлүүлж чаджээ. Катери нь нийгмийн ажилтнаар их сургуульд суралцаж, магистрын зэрэг авсан бол нөхөр Жэй нь хуульч мэргэжилтэй юм байна.

Өнөр өтгөн гэр бүл одоо Мичиган мужийн хоёр дахь том хот Гранд Рапидсаас 50 орчим километр зайтай хөдөө тосгонд амьдардаг. Тэдний том хүү нь саяхан гэрлэж, эцэг эхийнхээ эдлэн газраас холгүй тусдаа амьдрах болжээ.

 

Эх сурвалж: Associated Press