Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

10 аймагт усан цахилгаан станц барих төсөлд Унгар улстай хамтран ажиллахаар тохиролцов

ikon.mn
2020 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЕХА

Монгол Улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баасан гарагт Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар дипломат харилцааны 70 жилийн жилийн ойн мэндчилгээг харилцан дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбантай 2017 болон 2018 онуудад хийсэн уулзалтаар ярилцсан асуудлууд ажил хэрэг болж, хоёр орны хамтарсан чухал төсөл болох “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх ажил энэ оноос бодитоор хэрэгжих шатанд ороод буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр дэлхий даяар тархсан цар тахлын нөхцөл байдал, хоёр орны улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, усны салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, одоогийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Тодруулбал, хөдөө аж ахуйн салбар болон 10 аймагт усан цахилгаан станц барих, усны менежментийн чиглэлээр санал солилцож, дээрх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.

Монгол Улсын газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цөлжилт эрчимтэй явагдаж байгаагаас үүдсэн говийн бүс нутаг дахь усны асуудал нь бидний сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлж байна гэлээ. Унгарын мэргэжилтнүүд 1970-1980 оны хооронд Монгол оронд усны чиглэлээр нарийвчилсан судалгааг хийсэн байдаг.

Түүнчлэн Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 200 гаруй монгол оюутныг тус улсад суралцуулах хөтөлбөр үргэлжилж байгаад баяртай байгаагаа хэллээ. Дээрх 200 оюутныг хөдөө аж ахуй, усны чиглэлээр болон “Биокомбинат”-д ажиллах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба