Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Цэрэнбадрал: Мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болсноор хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ шатанд гарна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: СЗХ

Цаг үеийн асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадралтай ярилцлаа. 

-УИХ-аас Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо ямар байр суурьтай байна вэ?

-Тэтгэврийн шинэчлэл, хувийн тэтгэврийн сангийн асуудал сүүлийн үед хүн бүрийн анхаарал хандуулж буй сэдэв болоод байна. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд хувийн тэтгэврийн сан буюу хөрөнгийн зах зээл дээрх урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч, гол тоглогчдын нэг болох энэ төрлийн сангууд манайд бий болох нь зүйтэй гэсэн бодлогын байр суурьтай байгаа. Энэ төрлийн сан бий болсноор урт хугацаатай, сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийн эх үүсвэр хөрөнгийн зах зээлээр дамжин өрсөлдөх чадавхи өндөртэй салбар, төсөлд байршиж эхлэх суурь нөхцөл бүрдэж эдийн засгийн өсөлтөд ч томоохон эерэг нөлөөллийг бий болгохын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргана гэж харж байна.  

Хамгийн гол нь хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг үр ашигтай, найдвартай байдлаар удирдах нь бидний анхаарах ёстой зүйлийн нэг. Хувийн тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг хэн, хэрхэн удирдах, тухайн сангийн хөрөнгийг хаана байршуулж, хэрхэн хөрөнгө оруулалт хийх нь тодорхой зохицуулалт, хяналттай, хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг тогтмол авч байх боломж бололцоо нь нээлттэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тухайн сангийн засаглал, ил тод байдал, тайлагнал ихээхэн чухал гэсэн үг.

Олон улсад тэтгэврийн санд хуримтлагдсан хөрөнгийг үнэгүйдүүлэхээс сэргийлж, үр ашигтай, эрсдэл багатайгаар удирдах үүднээс хөрвөх чадвар сайтай, эрсдэл багатай, тухайлбал Засгийн газрын үнэт цаас, эсхүл Засгийн газраас баталгаа гаргасан үнэт цаас болон өөр бусад төрлийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулдаг бөгөөд холбогдох хууль журам, бодлогын баримт бичигт ч энэ талаар тодорхой зааж өгсөн байдаг. Харин үүний дагуу хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зүй зохистойгоор удирдах үүргийг тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежерүүд зарим тохиолдолд тусдаа хөрөнгө оруулалтын менежментийн компани хүлээдэг. 

-Одоогоор хөрөнгө оруулалтын менежментийн нийт хичнээн компани манайд байдаг вэ. Ер нь санд хөрөнгө оруулах ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 онд УИХ баталснаар хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болсон. Олон улсын жишиг болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд зааснаар хөрөнгө оруулалтын сан нь хамтын болон хувийн гэсэн 2 хэлбэртэй. Хувийн хөрөнгө оруулалтын санд зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулдаг бол хамтын санд олон нийтэд хөрөнгө оруулах эрх нь нээлттэйн зэрэгцээ зохицуулалт нь илүү өндөр. 

Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах нь тухайн хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын эрсдэлээ салбараар, бүтээгдэхүүнээр тараан байршуулах, бусад хөрөнгө оруулагчтай тухайн багцтай холбоотойгоор үүсэх эрсдэл, зардлыг хуваах, оруулсан хөрөнгөө мэргэжлийн багаар буюу хөрөнгө оруулалтын менежментийн компаниар удирдуулах зэрэг давуу талтай. Мөн сангийн хөрөнгийг нэгж эрх эзэмшигчдийн нэрийн өмнөөс хадгалах чиг үүргийг кастодиан хэрэгжүүлдэг бөгөөд тухайн сангийн хөрөнгийг бодлогын баримт бичигт заасны дагуу удирдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Хэрэв хөрөнгө оруулалтын бодлогоос зөрсөн санхүүгийн хэрэгсэлд сангийн хөрөнгийг байршуулах шийдвэр гарсан тохиолдолд кастодиан нь нэн даруй сангийн удирдлага болон хяналт тавьж буй байгууллагуудад мэдэгдэж холбогдох арга хэмжээг авах үүргийг хүлээдэг. 

Өнөөдрийн байдлаар манайд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 3 арилжааны банк, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 23 компани байна. Энэхүү хөрөнгө оруулалтын менежментийн компаниудаас 20 хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг Хороонд бүртгүүлсэн. Өмнө нь сангууд зөвхөн хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэлбэртэй байсан бол анхны хамтын хөрөнгө оруулалтын сан тусгай зөвшөөрлөө Хорооноос саяхан авлаа. Энэхүү хамтын хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгийн зах зээл дээрх гол бүтээгдэхүүнүүд болох хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг бүтээгдэхүүнд хөрөнгө оруулна. Ингэснээр тус сангийн нэгж эрх эзэмшигчид буюу хөрөнгө оруулагчид нь сангаар дамжуулан хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгөө мэргэжлийн багаар удирдуулах боломжтой болж байгаа юм. 

- Олон улсад хамтын хөрөнгө оруулалтын сан ямар төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг вэ. Мөн бүтэц, зохион байгуулалт нь ямар хэлбэртэй байдаг вэ? 

-Дэлхийн нийт зохицуулалттай буюу хамтын сангийн цэвэр хөрөнгийн хэмжээ 2019 оны жилийн эцсийн байдлаар 54.9 их наяд орчим ам.доллар байсан бөгөөд үүний 66 хувийг хувьцаа, өрийн хэрэгсэлд, 13 хувийг мөнгөний зах зээлийн бүтээгдэхүүнд, үлдсэн 21 хувийг бусад санд хөрөнгө оруулсан байдаг. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгийн зах зээлийн гол тоглогч болох нь эндээс харагдана. Олон улсад хамгийн томд тооцогддог сан бол Вангард 500 индексийн сан “Vanguard 500 Index Fund Admiral shares”. Тус сан 1976 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ-ын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй хамгийн том 500 компанийн хувьцааны индекст суурилдаг.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага “OECD”-аас өнгөрсөн зургадугаар сард гаргасан урьдчилсан дата мэдээллээр тус байгууллагын гишүүн болон судалгаанд хамрагдсан улс орнуудын нийт тэтгэврийн сангийн хэмжээ 33 их наяд ам.доллар байгаа бөгөөд хөрөнгө оруулж буй бүтээгдэхүүнээр нь ангилбал 47.9 хувийг Засгийн газар, компанийн өрийн хэрэгсэлд, 23.4 хувийг хувьцаанд, 6.1 хувийг  хөрөнгө оруулалтын санд оруулсан байна. Өөрөөр хэлбэл, нийт сангийн хөрөнгийн 77.4 хувийг хөрөнгийн зах зээлийн голлох бүтээгдэхүүнд  хөрөнгө оруулсан гэсэн үг. 

-Цаашид олон төрлийн сан бий боллоо гэхэд хөрөнгийн зах зээл дээр  хөрөнгө оруулах бүтээгдэхүүн нь бэлэн үү?  

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулж болох хэрэгслүүдийг тодорхой заасан. Тухайлбал, хамтын буюу олон нийтээс татсан хөрөнгийг удирдах нөхцөлд зөвхөн Засгийн газрын өрийн хэрэгсэл, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл, нээлттэй хувьцаат компанийн хувьцаа, зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэгт хөрөнгө оруулах боломжтой. Тэтгэврийн сангийн хувьд одоогийн өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд дотоодын банкны хадгаламж, Засгийн газраас гаргасан үнэт цаас,  Хороонд бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хэлбэрээр санал болгосон, Монгол Улсын аж ахуйн нэгжээс гаргасан үнэт цаас болон өөр бусад хөрөнгийн төрлийг тусгасан. 

Манай хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдаж буй хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл зэрэг үндсэн бүтээгдэхүүнүүд байгаагаас гадна сүүлийн үед шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд гарч эхэлж байна. Тухайлбал, өмнө нь зөвхөн хаалттай хүрээнд ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гарч байсан бол анх удаа зах зээл дээр өрсөлдөхүйц хүүтэй,  автомашины зээлээр баталгаажсан ХБҮЦ болон түрээсийн орлогооор баталгаажсан ХБҮЦ Хороонд бүртгэгдээд байна. Мөн өмнө хэлсэнчлэн анхны хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдаж сангийн нэгж эрх нь хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдаж байгаа зэргийг дурдаж болно.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зааснаар банкууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт орж, хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг болохоор байна. Энэ тохиолдолд банкинд урт хугацаанд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчид буюу хөрөнгө оруулалтын, тэтгэврийн сангууд бий болох нь ихээхэн чухал. Сангуудын зүгээс ч мөн хөрөнгө оруулах боломжтой шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болно гэдгээрээ онцлогтой. Дээрх бүтээгдэхүүнүүдээс гадна зайлшгүй дурдах шаардлагатай, эрсдэл хамгийн багад тооцогддог, олон улсад тэтгэврийн сан болон хамтын сангуудаас хөрөнгө оруулж буй голлох бүтээгдэхүүн бол Засгийн газрын өрийн хэрэгсэл юм.

Сүүлийн 3 жилийн хугацаанд энэ бүтээгдэхүүн зах зээл дээр гараагүй бөгөөд ойрын хугацаанд блокчэйн технологид суурилан олон нийтэд нээлттэй арилжаалагдана гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын өрийн хэрэгсэл нь аливаа улсын үнэт цаасны зах зээл дээрх суурь хүүг тогтоодог бөгөөд компанийн бондын зах зээлийн хөгжил нь Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй тогтсон эсэхээс ихээхэн хамаардаг. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагаас харахад эхлээд компанийн бондын зах зээл хөгжсөнөөр тухайн улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил нь эрчимжсэн байдаг.