Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн ерөнхийлөгч агсны оршуулгад оролцсон 1,000 орчим хүнээс коронавирусийн шинжилгээ авахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт болсон Самсунг Группын ерөнхийлөгч агсны оршуулгын ёслолд оролцсон хүмүүсээс нэг хүн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.

Тиймээс уг арга хэмжээнд оролцсон 1,000 орчим хүнээс шинжилгээ авах болсноо Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлсэн байна.

Арга хэмжээг сурвалжилж явсан сэтгүүлч хоёр хоногийн дараа халдвар авсан нь тогтоогджээ. Уг сэтгүүлчээс зургаан хүн халдвар авсны хоёр нь хамт ажилладаг хүмүүс, хоёр нь түүний ар гэрийн хүмүүс байсан байна.

Самсунгийн Эрүүл Мэндийн Төвд болсон оршуулгын ёслолд оролцохдоо сэтгүүлч амны хаалт зүүсэн байжээ. Одоогоор оршуулгад оролцсон хүмүүсээс халдвар илэрсэн тохиолдол байхгүй ч бүгдийг нь шинжлэхээр болсон байна.

Арга хэмжээнд Өмнөд Солонгосын томоохон бизнесмэнүүд, улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд оролцжээ.

Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол бүрт хавьтлын хүрээг нь тогтоох, шинжлэх ажлыг маш шуурхай гүйцэтгэж байгаа. Сүүлийн өдрүүдэд энэ улсад өдөрт бүртгэгдсэн Covid-19 халдварын тохиолдлын тоо 100 орчимд хэлбэлзэж байна.

Самсунг Группын ерөнхийлөгч агсантай салах ёс гүйцэтгэх арга хэмжээг дөрвөн өдрийн турш зохион байгуулахдаа нэг дор цуглах хүмүүсийн тоог 50-аар хязгаарлаж, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиулж байжээ.

Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 27,050 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 475 өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: Reuters