Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх оны төсөвт 74.4 тэрбум төгрөгөөр санхүүжигдэх 109 төсөл арга хэмжээг шинээр нэмж тусгав

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. 

Энэ үеэр гишүүд болон Төсвийн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. 

Төсвийн зардал нэмэх болон бууруулах саналыг хамтад нь гаргасан байна. Үүнд:

  • Цагдаа, эмнэлэг, онцгой байдал, хил гааль, мэргэжлийн хяналт, батлан хамгаалахаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын тээвэр, шатахууны зардлыг хоёр тэрбум 536.4 сая төгрөгөөр, 
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын Тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, боловсрол, эрүүл мэнд, хил гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахын салбараас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын томилолт, зочны зардлыг нийт 604.4 сая төгрөгөөр, 
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжид тусгагдсан 864 тэрбум төгрөгөөс бусад төрлийн халамжид зарцуулах төсвийг 26 тэрбум төгрөгөөр, 
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн бусад зарцуулалт, арга хэмжээг 27 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах,
  • Эмнэлгийн бие даасан байдлыг дэмжих арга хэмжээнд төсөвлөсөн 1.8 тэрбум төгрөгийг,
  • Олон улсын залуучуудын ногоон наадам зохион байгуулахад тусгагдсан 9.6 тэрбум төгрөгийг, 
  • АШУИС-ийн харьяа түшиц эмнэлэгт олгох татаас зардлаас 3.7 тэрбум төгрөгийг хасах, нийт 115 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2021 онд 46 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 41 төсөл арга хэмжээг дараах онуудад хэрэгжүүлэхээр хойшлуулах саналыг тус тус гаргасан байна. 

Мөн,

  • УИХ-ын даргын төсвийн багцын урсгал зардлыг 14 тэрбумаар, 
  • Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн ерөнхий багцын урсгал зардлыг 5.1 тэрбумаар, 
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн багцыг нэг тэрбумаар, 
  • Шадар сайдын багцад өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор гурван тэрбум төгрөгөөр,
  • Ерөнхий сайдын багцад олон улсын тэмцээн уралдаанд оролцох хөтөлбөрийн багцыг 2.7 тэрбумаар нэмж тусгах санал гаргажээ. 

Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд ажлын хэсэгт ирүүлсэн саналуудтай уялдуулан 178 тэрбум 55.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2021 онд 74 тэрбум 421 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 109 төсөл арга хэмжээг шинээр нэмж тусгах, 15 төсөл арга хэмжээний 2021 онд санхүүжих дүнг 66 тэрбумаар нэмэгдүүлэх саналыг ажлын хэсэг гаргажээ. Дээрх саналуудыг 66 хувийн саналаар дэмжив.

Түүнчлэн Ерөнхий сайд, Шадар сайдын ажлын албыг бэхжүүлэх зорилгоор ЗГХЭГ-ын орон тоог 10-аар нэмэгдүүлж, холбогдох цалин  хөлс, урсгал зардал болох 267.6 сая төгрөгийн санхүүжилтийг ЗГХЭГ-ын даргын төсвийн багцад зохицуулалт хийж, нийт дүнг нэмэгдүүлэхгүйгээр шийдэхийг 66 хувийн саналаар,

Хүнс хөдөө аж ахуйн сайдын багц дахь үлийн цагаан огтоно устгах зардлаас гурван тэрбум төгрөгийг хасаж, хүнсний ногооны үр авахыг сайдын багц дотор зохицуулалт хийхийг 58.3 хувийн саналаар, 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сэргээн засах эмнэлгийн 40 ортой барилгын 529 сая төгрөгийг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төрийн албан хаагчдын 14 айлын орон сууцны барилга болгон өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар гаргасныг 64.4 хувийн саналаар тус тус дэмжсэн байна. 

Ийнхүү Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв.