Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд сүүлийн 200 гаруй өдрийн турш дотоодын халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй нь дэлхийд тэргүүлж байна

ikon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN

Өнөөдрийг хүртэл Тайваньд сүүлийн 200 гаруй өдрийн турш дотоод дахь халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй нь дэлхийн шинэ амжилт болохыг “Блүүмберг” (Bloomberg) онцлов. Энэхүү мэдээ нь “Тайм” (Time) сэтгүүлийн цахим хуудсанд нийтлэгджээ. Тайваньд энэ оны 4 сарын 12-ны өдөр шинэ коронавирусын дотоодын халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй юм. Ийнхүү 10 сарын 29 өдөр шинэ амжилтаа тогтоолоо.

Уг мэдээ нь “Тайваньд сүүлийн 200 өдрийн турш дотоодын халдварын шинэ тохиолдол илрээгүй нь дэлхийд шинэ амжилт боллоо” хэмээх гарчигтайгаар нийтлэгдэж, Тайванийг дэлхий дахинаа өнөөг хүртэл халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хамгийн шилдэг амжилттай яваа орон болохыг тодотгожээ. Мөн Америк болон Европын улс орнуудад цар тахал дахин дэгдэж буй энэ үед Тайваньд тахлын хоёр дахь давалгаа дэгдээгүй болохыг цохон тэмдэглэв. Үүний зэрэгцээ холбогдох мэргэжилтнүүд Тайвань нь эртнээс хилээ хааж, аялал жуулчлалд хатуу хориг тавьсан нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд туйлын чухал нөлөө үзүүлснийг дурьджээ. Халдвараас урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнүүдийн хувьд халдвар авсан хүмүүстэй харьцагчдыг чанд хянах, техник технологи ашиглан тусгаарлалтыг чангатгах, ард иргэд нийтээрээ маскаа бүрэн, зөв зүүх зэрэг бодлогыг хэрэгжүүлсэн юм. Тайваньчуудад өмнөх SARS өвчний гашуун туршлага бий тул ард иргэд нь халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг чандлан сахиж, мөрдөж байна.

Австралийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал, халдварт өвчний эмч Питер Коллигнон (Peter Collignon) хэлэхдээ Тайвань бол өнөөг хүртэл үндэсний хэмжээнд цар тахлын тархалтыг арилгаж чадсан цорын ганц улс бөгөөд энэ нь дэлхий дахин дахь хамгийн шилдэг амжилт байж магадгүй юм гэжээ. Тайваньд одоогоор нийт батлагдсан тохиолдлын тоо 553, үүнээс 7 нь нас баржээ. Ойролцоогоор 340,000 хүн гэртээ тусгаарлагдаж байгаагаас 1000 хүрэхгүй хүн тусгаарлалтын дэглэм зөрчсөн тул шийтгүүлжээ. Харин нийт тусгаарлагдагчдын 99.7% нь тусгаарлалтын дэглэмийг чандлан сахиж байна.

Үүнээс гадна, энэ жил өсөлттэй байсан цөөхөн эдийн засгийн нэг нь Тайваний эдийн засаг байж магадгүй юм. Тайваний засгийн газар энэ оны 8 сард ДНБ нь 1.56%-иар өснө хэмээн таамаглаж байсан юм. 

 

Тайваньд сүүлийн 200 өдрийн турш шинээр  дотоодын халдвар илэрсэнгүй. Энэ нь шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дэлхийд шинэ амжилтыг тогтоолоо.

 

 

“Таймс сэтгүүл”-ийн цахим хуудсанд нийтлэгдсэн “Блүүмберг”-ийн мэдээ