Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Рокит Бэй өвгөн хуурчийн дүрээр үлгэр ярина

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

-Өвгөн хуурч одоо цагт байсан бол үлгэрээ хэрхэн ярих байсан бол. Тэр орчин үед Rapper болсон байх ба хип-хоп дуугаараа дамжуулан үлгэрээ яривал ямар байх бол-

Өсвөр үеийн залууст чиглэсэн сонирхолтой контент дутмаг энэ цаг үед залуусын хандалтыг соронзон мэт татаж чадсан Хандгай комикс бүрэн хэмжээний motion comic movie хэлбэрээр үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ талаар комиксийг бүтээгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хандгай комикийн зохиогч, найруулагч С.Жамбалцэрэн “Хандгай бол комик цуврал. Энэхүү комик цуврал нь 2018 оноос эхлэн интернэт орчинд цацагдаж байгаа. 

Бид энэхүү мэдээллээрээ “Хандгай” контентыг шинэ түвшинд хүргэж байгаагаа танилцуулж байна. Бид шинэ контентоо motion comic movie буюу шууд орчуулбал хөдөлгөөнт комик кино гэдэг төрлөөр үзэгчдэд хүргэж гэж байна. Энэ нь анимэйшны нэг төрөл бөгөөд нийт 80 минутын бүрэн хэмжээний анимэйшн юм. 

Ерөнхий агуулгын тухайд өвгөн хуурч гэдэг Монголчуудын сайн мэддэг дүр бий. Хэрэв өвгөн хуурч хэрэв орчин үед байсан бол үлгэрээ хэрхэн ярих вэ гэдгийг харуулах юм. Өвгөн хуурч орчин цагт реппэр болж хип хопоор дамжуулж үлгэрээ ярих болно" гэлээ. 

Төслийн зөвлөхөөр ажиллаж буй сэтгүүлч Г.Бадамсамбуу: "Би “Эконтэ” компанийн зурмал төрлийн уран бүтээлд зөвлөхөөр ажиллаж байгаа. Та бүхний сайн мэдэх төсөл бол “Бумбардай”. Энэ удаа “Хандгай” төслийг хэрэгжүүлж байна.  Уг төсөл нь 2018 оноос залууст танигдаж, байнгын үзэгчтэй болсны хувьд тулгуур бүтээл хийхээр шийдсэн нь энэ. Ингэснээр хүүхэлдэйн төрлийн бүтээлийн хамгийн хялбар мөртлөө хамгийн их эффектийн загвараар комик цуврал хийнэ. Сүүлийн жилүүдэд телевизээр дандаа гадаадын контент, хүүхэлдэйн кино үзэгчдэд хүрэх болсон. Үндэсний контент нь маш бага. Монголчуудын өөрийн бие даасан өнгө аястай, уламжлал шингэсэн уран бүтээлийг дэлхийн хэмжээнд таниулах цаг болсон. Өөрөөр хэлбэл, бас нэгэн сорилтын төсөл юм” гэв.

Төслийн зорилго нь Хандгай комикийн дүрээр Монголын  уламжлалт  соёлыг орчин үеийн соёлтой нэгтгэн харуулж, хүүхэд залууст урам зориг өгөхөд оршиж байгаа аж. Монголд залууст зориулсан үндэсний комикс, анимэйшн дүр дээр суурилсан  цуврал бүтээл ховорхон өнөөгийн нөхцөлд Хандгай дүр нь цуврал комикс, хүүхэлдэйн кино, дүр дээр суурилсан цогц контент болон хөгжиж, амжилттай үргэлжилж, залуусын хүсэл хэрэгцээг хангасан контент болж байна. Энэхүү төсөл нь төрөл бүрийн контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ хэлбэрээр өргөжиж, мэргэжлийн кино, анимэйшн уран бүтээлчид, хувцас загвар зохион бүтээгчид, дуучид, хөгжмийн продюсер, маркетеруудыг оролцуулсан цогц төсөл болж байгаа юм байна. 

Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэхээр төлөвлөжээ. Үүнд:
  • “Khandgai presents: Өвгөн хуурч” 80 минутын мөүшнкомик кино /Кино театр, IPTV/OTT/
  • 30,000 хүний “Өвгөн Хуурч-XMF 5 жилийн ойн” хөгжмийн фестивал
  • Michel&Amazonka брэндтэй хамтарсан хувцасны коллекц
  • Дуучин РокитБэй болон бусад дуучдын дуунаас бүрдсэн “Өвгөн Хуурч” цомог пянз ба дижитал, график видео клип.
  • “Өвгөн хуурч” Хандгай арт тоглоомын багц
  • Арт ном
  • Маркетинг болон медиа хөтөлбөрүүд зэргээс бүрдсэн цогц контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн бүхий цогц төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн багт Бумбардай, Бонго зэрэг комиксыг бүтээсэн олон жилийн туршлагатай Эконтэ компанийн баг хамт олон, Хуур Хөгжмийн Наадмыг зохион байгуулдаг Би-Ар-Би Пикчерс компани, Vandebo зэрэг хамтлаг, дуучдыг продюсерладаг орчин үеийн хөгжим, урлагийг дэлгэрүүлэгч Monstar продакшны үүсгэн байгуулагч Тулговски Медиа компани, урлаг соёлыг дэмжигч Хан Хөгшин Стэйт компани, реппер Рокитбэй зэрэг олон мэргэжлийн хүмүүс хамтран ажиллах юм. “Өвгөн хуур” мөүшнкомик киноны гол дүр болон хөгжмийн продюсерээр РокитБэй ажиллана.

Хандгай дүр  нь 2018 оноос хойш 130 гаруй комикстрип цуврал, хөдөлгөөнт комикс, залууст чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан танигдаж, Монголын залуусын таашаалд нийцсэн дүр болон хөгжиж байна. Үүнээс онцлох үйл явдалд BRB компаниас зохион байгуулдаг XMF хөгжмийн наадмын 2019 оны нүүр царай болсон.

“Өвгөн Хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшнкомик кино 2021 оны төгсгөлд үзэгчдийн хүртээл болох бөгөөд төслийн багийнхан киног дагалдах дэд төслүүдээс бүтсэн цогц төсөл хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.