Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн ерөнхийлөгч Лукашенко Оросын нутгаас газрын тосны орд худалдаж авах санал тавьжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр утсаар ярихдаа Оросын нутаг дэвсгэрээс газрын тосны орд худалдаж авах санал тавьсан тухай БелТА агентлаг мэдээлжээ.

Хоёр ерөнхийлөгч 2021 онд Оросоос Беларусьт нийлүүлэх газрын тос, байгалийн хийн хангамжийн талаар ярилцахдаа энэ сэдвийг хөндсөн гэнэ.

“Энэ салбарт тулгараад байгаа асуудлуудыг даруй шийдэхээр төрийн тэргүүнүүд тохиролцлоо. Үүнээс гадна Беларусийн ерөнхийлөгч Оросын нутаг дэвсгэрт газрын тосны орд худалдаж авах боломжийн талаар Оросын ерөнхийлөгчөөс асуусан байна. Владимир Путин энэ санааг дэмжихээ илэрхийлжээ. Боломжийг судалж үзсэний дараа уг асуудлыг нарийвчлан хэлэлцэхээр тохирлоо” гэж Беларусийн төв мэдээллийн агентлаг БелТА дамжуулжээ.

ОХУ-ын газрын тос, байгалийн хийг Европын зах зээлд хүргэх хоолой Беларусийн нутаг дэвсгэрээр дамждаг. Мөн Беларусь улс нь газрын тосны бүх хэрэглээгээ ОХУ-аас авдаг юм.

Тус улс жил бүр 18-30 сая тонн газрын тос ОХУ-аас импортлодог ажээ.

 

Эх сурвалж: ТАСС