Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг удаагийн гүйлгээгээр тэрбум доллартай тэнцэх биткоин шилжжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хэдэн жилийн өмнө хаагдсан алдарт Silk Road вэбсайттай холбоотой данснаас саяхан нэг тэрбум ам.доллартай тэнцэх биткоин өөр данс руу шилжсэнийг судлаачид мэдээлжээ.

Silk Road нь хар тамхи, хулгайн бараа зарахаас эхлээд алуурчин хөлсөлж болдог хууль бус, онлайн хар зах байсан юм. АНУ-ын засгийн газар 2013 онд тус сайтыг хааж байв.

Дээр дурдсан нууц гүйлгээг Silk Road сайттай холбоотой хүмүүс хийсэн үү, эсвэл хакерууд хийсэн үү, хуулийн байгууллага хийсэн үү гэдэг нь тодорхойгүй байна.

Блокчэйн сүлжээний гүйлгээг хянадаг Elliptic, Ciphertrace байгууллагуудын мэдээлснээр 

Silk Road сайттай холбоотой данснаас 69,370 ширхэг биткоиныг нэг удаагийн гүйлгээгээр өөр дансанд шилжүүлжээ.

Уг данс нь дэлхийн хамгийн баян биткоин данснуудын дөрөвдүгээрт бичигддэг байв.

Биткоины ханш өнөөдрийн байдлаар 2018 оны нэгдүгээр сараас хойших хамгийн дээд хэмжээндээ буюу $14,000 орчимд хүрээд байгаа.

2015 онд АНУ-ын засгийн газар Silk Road сайтын эзэмшиж байсан өөр нэг данснаас хураасан биткоиноо дуудлага худалдаагаар зарж байжээ.

Silk Road сайтыг үүсгэн байгуулагч Росс Улбрихт одоо мөнгө угаалт, кибер халдлага, хар тамхины наймааны хэргээр бүх насаар хоригдох ял эдэлж байгаа.

Судлаачид түүнийг шоронгоос гүйлгээ хийх боломжгүй гэж үзэж байна. Дээрх данс 2015 оноос хойш идэвхгүй байсан ба орон орны хакерууд сүүлийн хэдэн жилийн турш нэвтрэхээр оролдож байжээ. Тиймээс аль нэг хакер нь нэвтэрч чадсан байх магадлалтай гэнэ.

 

Эх сурвалж: BBC