Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден 253 саналтай болсноор Дональд Трампын Цагаан ордонд дахин суух боломж бүдгэрч эхэллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль маш их өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Өмнөх жилүүдэд сонгуулийн ялагч санал хураалт болсон өдрийн орой гэхэд тодордог байсан.

Тэгвэл энэ удаа санал тооллого зарим мужуудад хоёр өдөр дамнан үргэлжилж байгаа нь цар тахалтай холбоотой юм.

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор санал хураах өдөр олон хүн нэг дор цугларахаас сэргийлж, саналаа урьдчилж өгөх, шуудангаар өгөх боломжийг зарим мужууд сонгогчдод олгосон юм.

Нийтдээ 90 сая орчим америкчууд энэ боломжийг ашигласан нь АНУ-ын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.

Тэдний дотор Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байдены сонгогчид илүү олон байсан бол цар тахлыг үл ойшоодог Дональд Трампын сонгогчид санал хураалтын өдөр биеэр очиж сонголтоо хийхийг илүүд үзсэн нь судалгаанаас харагдаж байгаа.

Өчигдөр саналын тоогоо эцэслэж гаргаагүй байсан мужуудад Трамп илүү олон саналтай явж байсан.

Тэгвэл урьдчилж өгсөн саналуудыг нэмж тоолсны дараа Жо Байден авсан саналын тоогоор тэргүүлж эхэлжээ.

Тухайлбал Уисконсин мужийн санал тооллогын эцсийн үр дүн хэдхэн цагийн өмнө гарахад Жо Байден ялж, 10 төлөөлөгчийн санал авсан байна. Дараа нь тэр Мичиган мужид ялалт байгуулж, 16 төлөөлөгчийн санал авснаар нийт 253 саналтай болжээ.

Нийтдээ 270-аас дээш төлөөлөгчийн санал авсан хүн АНУ-ын ерөнхийлөгч болох юм.

Одоогоор Аляска, Аризона, Жоржиа, Умард Каролина, Невада, Пеннсилвань мужуудын санал тооллогын ажиллагаа үргэлжилж байна.

Трампын сонгуулийн штаб шуудангаар санал авах ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Мичиган мужийн санал тооллогыг зогсоох хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй байна. Одоо тэд Пеннсилвань мужийн санал тооллогын ажиллагааг зогсоох, Уисконсин мужийн саналыг дахин тоолуулах хүсэлтийг дээд шүүхэд гаргаад байгаа гэнэ.

 

 

Эх сурвалж: CNN