Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хатгал сумын уугуул иргэдэд аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл олгохгүй байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Цэнхэр сувдын эзэд” ТББ, Хөвсгөл аймгийн Хатгал суманд нуурын эрэг дагуу амьдарч буй иргэд тулгарч буй асуудлаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

2009 оноос хойш аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн уугуул иргэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, газраа эзэмших боломжгүй байгаа ажээ. Тиймээс тэдгээр иргэд дуу хоолойгоо нэгтгэж хүргэхээр “Цэнхэр сувдын эзэд” ТББ-ыг байгуулсан байна. 2020 оны тавдугаар сард байгуулагдсан тус байгууллагад одоогийн байдлаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг 46 өрх, 64 малчин өрх, 68 гар урлал эрхэлдэг өрхийг гишүүнчлэлдээ багтаажээ.

"Нутгийн иргэд соёл, ёс заншлаа сурталчилсан, өртөөчилсөн аялалын маршрут, бүтээгдэхүүнийг аялагчдад санал болгоно"

 
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймгийн Хатгал сумын иргэн Ө.Ариумаа "Бид тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг олох, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл боломжийн төлөө нэгдэн ажиллаж байна. Зургаан ястны өлгий нутгийн уугуул иргэд бид соёл, ёс заншлаа сурталчилсан, өртөөчилсөн, байгаль экологио хамгаалсан аялал жуулчлалын маршрут бүтээгдэхүүнийг аялагчдад санал болгоно.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Хөвсгөл нуурын эрэг дагуу зөвшөөрөлтэй 140, зөвшөөрөлгүй 60 гаруй ААН, иргэн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн. Зөвшөөрөлгүй 60 гаруй хэмээн тодотгоод байгаа нь нутгийн уугуул иргэдийн ажиллуулж буй гэр амралт, түр отоглох цэгүүд юм. Нутгийн иргэдэд олон арван жил амьдарсан газраа эзэмших эрх зүйн боломж алга байна. Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газраас нутгийн иргэдээ дарамталж эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

Жилийн дөрвөн улирлын турш байгаль хамгаалагчийн ажлыг хийж байдаг нутгийн уугуул иргэд түлшиндээ унанги мод аваад ашиглаж чаддаггүй байхад мөнгөтэй, хүчтэй том компаниуд жуулчны бааз барихдаа уулыг ухаад, мод огтлоод байж байдаг. Мөн айлын өвөлжөөний газрыг тойруулаад хашаа бариад бааз барьчихдаг. Энэ мэт жишээ олон байгаа" гэдгийг хэлж байв.

Нутгийн иргэд 2011 оноос хойш удаа дараа газраа эзэмших асуудлаар төрийн байгууллагуудад хандаж байжээ.

"Зөвшөөрөл хүсэхээр 500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгөтэй болвол стандарт хангана гэх хариулт өгдөг"

 
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймгийн Хатгал сумын иргэн В.Пүрэвсүрэн "Миний бие Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг дэвсгэр буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар удаа дараа УТХГ-т хандаж байсан. Анх буюу 2011 онд яамнаас зөвшөөрөл олгохгүй , хаасан байгаа гэх хариулт өгч байсан бол 2013, 2014, 2015 онд дахин хандахад та нар 500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгөтэй болвол стандарт хангана гэдэг болсон.

2013 онд би "Тарвагат хаш" нэртэй газар үйл ажиллагаа явуулж байтал Усны хуулийг зөрчиж байна гэх шалтгаанаар нүүлгэн шилжүүлсэн. Мөн тус газраас нутгийн таван айлыг нүүлгэсэн юм. Гэтэл 2015 онд яг тэр газарт маш том жуулчны бааз бариад одоо үйл ажиллагаа явуулж байна. Мөнгөтэй хүн хууль зөрчөөд үйл ажиллагаа явуулж болдог гэдгийг энэ жишээ харуулсан.

Өөрсдийгөө ажлын байраар хангаж явдаг нутгийн иргэд газаргүй үлдэж байгаа учраас жил бүр шахуу, дарга солигдох бүрд шинээр кадастрын зураг хийлгээд л төрийн байгууллагуудад ханддаг ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй" хэмээн ярилаа.

Нутгийн иргэдийн хувьд 2000 оноос аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулсаар ирсэн ч 2011 онд аялал жуулчлалын компаниуд иргэдийн амьдарч буй газрыг өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр эзэмших болжээ. Тиймээс аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, газраа эзэмших асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж эхэлсэн байна. Аялал жуулчлалын үйл ажиллагааны зөвшөөрөл авахад хамгийн багадаа 10 сая төгрөгийн зардал гарахаар байгааг нутгийн иргэд хэлээд тэднийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхийг хүслээ.