Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Венийн халдлагыг үйлдсэн нэг этгээд Македон гаралтай болохыг тогтоожээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн орой Австрийн нийслэл Вена хотод гарсан террорист халдлагын эздийг олж тогтоох ажил үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 14 хүнийг уг хэрэгт холбогдуулан баривчилжээ.

Энэхүү халдлагын улмаас хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нийт дөрвөн энгийн иргэн алагдаж, 22 хүн шархдаад байна.

Халдлага үйлдэгчдээс нэг нь цагдаа нарт буудуулж алагдсан юм. Түүнийг 20 настай, Австрид төрсөн, Умард Македон гаралтай, хоёр улсын давхар иргэн хүн байсныг тогтоожээ.

Гэмт этгээд Исламын Улс зэвсэгт бүлэгт элсэхээр Сири улс руу явах гэж байгаад баригдаж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 22 сарын хугацаатай хоригдох ял сонсож байсан гэнэ.

Гэхдээ тэр Австрийн засгийн газрын радикал үзлээс салгах хөтөлбөрт хамрагдаж, сайн хүмүүжсэн шалтгаанаар арванхоёрдугаар сард хугацаанаасаа өмнө суллагдаж байжээ.

Халдлагад оролцсон өөр хоёр этгээдийг бас Умард Македоноос гаралтай хүмүүс байх магадлалтайг Австрийн цагдаагийн газар мөрдлөгийн явцад тогтоосон байна.

Балканы хойгийн Умард Македон нь хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан улс ба хүн амынх нь 25 орчим хувийг ислам шашинтай албани үндэстнүүд бүрдүүлдэг.

Өчигдөр Исламын Улс зэвсэгт бүлэг Венад гарсан халдлагыг өөрийнх нь гишүүд үйлдсэн тухай зарлажээ. Гэхдээ үүнийгээ батлах ямар нэг баримт дэлгээгүй байна.

Австрийн канцлерь Себастьян Курц өчигдөр ард түмэндээ хандаж, телевизээр үг хэлэхдээ үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлажээ.

“Энэ халдлага нь Загалмайтан, Муслимүүдийн хоорондын эсвэл Австричууд, цагаачдын хоорондын зөрчил биш гэдгийг бид сайн ойлгох ёстой. Бидний дайсан бол Исламын терроризм” гэж Курц энэ үеэр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters