Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Лукашенко муслимуудтай эвлэрэхэд нь туслах саналыг Макронд тавьжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко муслимуудтай учраа ололцож, эвлэрэхэд нь туслах саналыг Францын ерөнхийлөгч Эммануэл Макронд тавьсан тухай тус улсын БелТА агентлаг мэдээлжээ.

Лукашенко өчигдөр буюу Даваа гарагт Минск хотод Беларусийн үнэн алдартны шашны тэргүүнийг хүлээж авч уулзахдаа “Муслимууд хэзээ ч бидэнд асуудал үүсгэж байгаагүй. Тэд манай засгийн газрыг байнга дэмжиж, надад бараг 100 хувийн саналаа өгдөг. Бид хэзээ ч Францын ерөнхийлөгч шиг үзэл бодол илэрхийлэх эрх чөлөө, бусдын шашин шүтлэгийн талаар мэдэгдэл хийхгүй. Муслимуудыг шүүмжилж эхэлбэл юу болдгийг харж байгаа биз дээ? Түүнд муслимуудтай учраа олоход нь туслах хүн хэрэгтэй байгаа бололтой. Би муслимуудтай маш сайн харилцаатай хүн тул түүнд тусалж чадна” гэж ярьжээ.

Лукашенко бас бусдын шашин шүтлэг, итгэл үнэмшилд хөндлөнгөөс нөлөөлөх нь байж боломгүй зүйл гэж энэ үеэр ярьсан байна.

Шарли Эбдо сэтгүүлд нийтлэгдсэн зөнч Мухаммедын шог зурагтай холбоотой сүүлийн сар хүрэхгүй хугацаанд Франц улсад хоёр террорист халдлага дараалан гараад байгаа.

Үүнтэй холбоотойгоор Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон исламын радикал үзэлтэй шийдвэртэй тэмцэхээ илэрхийлж, сэтгүүлд нийтлэгдсэн зургийг хориглохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Дэлхийн олон орны муслим хүмүүс өнөөдөр Макроны байр суурийг шүүмжилж, жагсаал цуглаан, Францын бараа бүтээгдэхүүний эсрэг бойкот зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: ТАСС