Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Baby Shark" дуу YouTube-ийн дээд амжилтыг эвдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хялбар тогтоогддог аятай, цөөн үгтэй хүүхдийн дуу “Baby Shark” өнөөдөр YouTube сүлжээнд хүмүүсийн хамгийн олон удаа үзсэн видео бичлэг болжээ.

Хүмүүс нийт 7.04 тэрбум удаа үзсэнээр энэ видео нь 2017 оны хит “Despacito”-гийн амжилтыг эвдсэн байна.

Анх YouTube сүлжээнд нийтлэгдсэнээсээ хойш дөрвөн жил гаруй хугацааны дараа ийм амжилт үзүүлжээ.

“Baby Shark”-ийг хэн зохиосон нь тодорхойгүй, зохиогчийн эрх эзэмшигчгүй тул нийтийн өмчид тооцогддог байна. Өмнөд Солонгосын боловсролын контентын компани Pinkfong шинээр найруулж, бүжгийн хөдөлгөөнтэй видео бүтээсэн нь эхлээд Зүүн Өмнөд Азийн зах зээлд хүчтэй тарж, дараа нь АНУ, Европын зах зээлийг байлдан дагуулжээ.

“Baby Shark” дуу Британийн шилдэг дууны жагсаалтын 6, АНУ-ын жагсаалтын 32-т бичигдэж байв.

Өнгөрсөн сард АНУ-ын Оклахома мужийн нэгэн шоронгийн гурван ажилтан “Baby Shark”-тай холбоотой хэргээр шүүхээс ял сонссон байна. Тэд хоригдлуудын гарт гав зүүж, хоёр цагийн турш энэ дууг сонсгож шийтгэжээ. Үүнийг нь хоригдлуудын сэтгэл санаанд дарамт үүсгэж, тарчилган зовоосон хууль бус үйлдэл гэж шүүх үзсэн байна.

Эх сурвалж: The Guardian