Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеланд улс анх удаагаа нутгийн уугуул эмэгтэйг гадаад хэргийн сайдаар томилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеланд улс өнгөрсөн сард болж өнгөрсөн парламентын сонгуулийн үр дүнд шинэ засгийн газраа байгуулж байгаа. Тэгвэл өчигдөр тус улсын ерөнхий сайд Жасинда Ардерн гадаад хэргийн сайдаар нутгийн уугуул Маори үндэстэн эмэгтэйг томилжээ.

Энэ нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болж байна.

Аравдугаар сард болсон сонгуулиар Жасинда Ардерны зүүн төвийн үзэлтэй Лэйбор нам 49.1 хувийн саналаар ялалт байгуулж, Шинэ Зеландын парламентын 120 суудлын 64-ийг нь авч байв. Энэ нь тус улсад 1996 оноос хойш анх удаа нэг нам олонх болсон тохиолдол юм.

Шинээр бүрдэж буй парламент нь бүрэлдэхүүний хувьд дэлхийн хамгийн өвөрмөц бүтэцтэй  парламент болж байгаа. Тухайлбал гишүүдийн бараг тал нь эмэгтэй. Харьцуулбал дэлхийн дундаж 25 хувь байдаг.

Мөн гишүүдийн 10 орчим хувь нь LGBTQ бүлгийн буюу бэлгийн уламжлалт бус чиг баримжаатай хүмүүс байна. 

Засгийн газрын шадар сайдын албан тушаалд шинээр томилогдож байгаа Грант Робертсон нь ижил хүйстэн болохоо ил тод зарласан хүн ажээ.

Гадаад хэргийн сайд болсон Наная Махута нь дөрвөн жилийн өмнө нүүрэндээ Маори үндэстний уламжлалт шивээс хийлгэсэн анхны парламентын гишүүн болж байв. Уг шивээсээр тухайн хүний угсаа гарал, статус, түүхийг нь илэрхийлдэг юм байна. Наная Махута нь Маори үндэстний одоогийн хаан, талийгаач хатан нартай ойрын төрлийн хүн ажээ.

 

Эх сурвалж: CNN