Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн аврагчид газар хөдлөлтийн нурангин дор бараг гурав хоног байсан 3 настай охиныг эсэн мэнд гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн гол цэг Туркийн Измир хотын барилгын нурангин дороос өчигдөр аврагчид 3 настай охиныг эсэн мэнд гаргажээ.

Нурангин дор 65 цаг буюу бараг гурван хоног байсан охиныг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.

Эгийн тэнгист болсон 7 орчим магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Измир хотын есөн барилга нурж, 83 хүн дарагдаж амиа алдсаныг тогтоогоод байна.

Аврагдсан охины ээж, хоёр эгч, нэг ах Бямба гарагт нурангин дороос эсэн мэнд гарсан ч сүүлд нэг хүүхэд нь нас баржээ.

“Бурхандаа мянган удаа талархал илэрхийлмээр байна. Бид орон сууцны нурангин дороос бяцхан охин Элифийг гаргаж чадлаа” гэж Туркийн онцгой байдлын газрын тэргүүн Мехмет Гюллүглү твиттер хуудсандаа бичсэн байна.

Өчигдөр бас нурангин дор 58 цаг байсан 14 настай охиныг аварчээ. Харин түүний найман настай дүү охин амьд гарч чадаагүй байна.

Энэ удаагийн газар хөдлөлтийн үеэр нийтдээ 994 хүн бэртэж, гэмтсэний 220 нь эмнэлэгт эмчлүүлж байгааг Туркийн онцгой байдлын газар мэдээлжээ.

Одоогоор 20 орчим хүн барилгын нурангин дор байгаа гэж үзэж байна.

Хамгийн сүүлд 2011 онд Туркийн зүүн бүсийн Ван хотод газар хөдлөхөд 500 гаруй хүн амиа алдсан нь сүүлийн 10 жилийн хамгийн их хохиролтой газар хөдлөлтөд тооцогдож байгаа. Энэ оны нэгдүгээр сард тус улсын зүүн бүс нутагт газар хөдлөхөд 41 хүн амь үрэгдсэн байна.

Аврах ажиллагаанд 8,000 орчим хүн, 25 аврагч нохой оролцож байгаа ба орон гэргүй болсон хүмүүст зориулан 13,000 ортой 3,500 гаруй майхан босгожээ.

 

Эх сурвалж: Reuters