Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Вена хотын төвд террорист халдлага гарсны улмаас нэг хүн алагдаж, олон хүн шархджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнийн 03:00 цагт Австрийн нийслэл Вена хотын төвд галт зэвсэгтэй халдлага гарсны улмаас нэг хүн алагдаж, 15 хүн шархдсан байна.

Шархдсан хүмүүсээс долоогийнх нь биеийн байдал хүнд байгааг Австрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Халдлага Вена хотын төвийн зургаан өөр хэсэгт зэрэг гарсан байна. Вена хотын хамгийн том жүүдийн шашны сүмийн ойролцоо эдгээр халдлагууд гарчээ.

Сүмийн хамгаалалтад ажиллаж байсан цагдаагийн офицер шархдсан байна.

Тухайн үед сүм хаалттай байсныг Австрийн жүүд иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Оскар Дойч сошиал хуудсандаа мэдээлжээ. Халдлагын гол бай сүм байсан эсэхийг тогтоож чадаагүй байна.

Австрийн канцлерь Себастьян Курц болсон явдлыг “террорист халдлага” гэж нэрлээд халдлага үйлдэгчдийн нэг цагдаа нарт буудуулж алагдсаныг мэдээлжээ.

Одоо Австри даяар зэвсэгт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж, Вена хотын гудамж талбайнуудыг хаагаад байна.

Хөрш Чех улсын цагдаагийн газар зэвсэгт этгээдүүд нутаг дэвсгэрт нь орж ирэхээс сэргийлэн Австрийн хилийн хяналт шалгалтыг чангатгажээ.

Саяхан террорист халдлагад өртсөн Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Вена хотын төвд гарсан халдлагаас үүдэлтэй Австрийн ард түмэнд тохиолдсон цочрол, уй гашууг Францчууд бид хуваалцаж байна. Францын дараа бидний найз нөхөр халдлагад өртлөө. Энэ бол бидний Европ. Манай дайснууд хэнээр оролдож байгаагаа мэдэх хэрэгтэй” гэж хэлжээ.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон зэрэг улс төрчид Австрийн засгийн газар, ард түмэнд эмгэнэл илэрхийлээд байна.

 

Эх сурвалж: BBC