Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улсад 70 настай эрэгтэй газар хөдлөлтийн нурангин дороос амьд гарчээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Эгийн тэнгист болсон хүчтэй газар хөдлөлт Турк, Грек улсуудад их хэмжээний хохирол учруулаад байна.

Одоогийн байдлаар гамшгийн улмаас 51 хүн амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртэж гэмтжээ. Барилгын нурангин дороос хүмүүсийг аврах, цогцоснуудыг гаргах ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилсэн юм.

Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө Туркийн баруун эргийн Измир хотын нурангин дундаас аврагчид 70 настай эрэгтэйг амьдаар нь олж, эмнэлэгт хүргэжээ. Тэрбээр 34 цаг гаруй хугацаанд нурангин дор байсан аж.

Газар хөдлөлтөөс хойш 72 цагийн дотор нурангин дороос амьд хүн гарах магадлалтайг Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай сэтгүүлчдэд мэдэгджээ.

Баасан гарагт болсон газар хөдлөлтийн үеэр нийт 51 хүн амь үрэгдсэнийг тогтоогоод байгаагийн 49 нь Турк улсад оногдож байна. 

Эгийн тэнгис дэх Грекийн Самос арал дээр өсвөр насны хоёр хүүхэд сургуулиасаа гэртээ харих замдаа барилгын хананд дарагдаж, амиа алджээ.

Тус арлын оршин суугчдаас 19 хүн бэртсэн байна.

Истанбулын Кандили хүрээлэнгийн хэмжсэнээр газар хөдлөлтийн хүч 6.9 магнитуд, газар хөдлөлтийн төв цэг Эгийн тэнгисийн 16 км гүнд байжээ.

Газар хөдлөлтийн дараа бага хэмжээний цунами үүсэх үед Измир хотын өндөр настан эмэгтэй живж амиа алдсан байна.

Газар хөдлөлтийн чичиргээ Туркийн баруун хэсэг, Истанбул хот, Грекийн нийслэл Афин хотод мэдрэгджээ.

Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт оршдог Турк, Грек улсуудад газар хөдлөлт байнга тохиолддог. Хамгийн сүүлд 1999 онд Туркийн баруун хойд хэсэгт хоёр удаа хүчтэй газар хөдлөхөд 18,000 орчим хүн амиа алдаж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press