Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Жэймс Бондын дүрийг анх бүтээсэн жүжигчин Шон Коннери 90 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Жэймс Бондын дүрийг анх удаа дэлгэцэнд бүтээж байсан Шотландын жүжигчин Сэр Шон Коннери 90 насандаа таалал төгссөнийг өчигдөр орой гэр бүлийнхэн нь мэдээлжээ.

Сүүлийн үед бие нь сайнгүй байсан нэрт жүжигчин Багамын аралд байдаг гэртээ унтаж байгаад амьсгал хураасныг түүний хүү мэдэгдсэн байна.

Коннерийн уран бүтээлийн замнал 50 орчим жил үргэлжилж, 1988 онд “The Untouchables” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртэж байв. Тэрбээр 1962 онд “Dr. No” кинонд анхны Жэймс Бондын дүрийг бүтээснээсээ хойш нийт зургаан кинонд 007 дугаартай алдарт тагнуулчийн дүрд тогложээ.

 

Түүний Жэймс Бондын дүрийг бүтээсэн кинонууд:

  • Dr No (1962)
  • From Russia with Love (1963)
  • Goldfinger (1964)
  • Thunderball (1965)
  • You Only Live Twice (1967)
  • Diamonds are Forever (1971)
  • Never Say Never Again (1983)

Үзэгчид, шүүмжлэгчид түүнийг бүх цаг үеийн Жэймс Бондуудаас хамгийн шилдэг нь гэж үздэг байв.

2000 онд Британийн хатан хаан Коннерид хүлэг баатрын хэргэм хүртээж байжээ.

Сэр Шон Коннери нь Шотландын тусгаар тогтнолыг тууштай дэмжигч байсан юм. 2014 оны Шотландын тусгаар тогтнолын санал хураалт болохын өмнө тэр өөрийн саналыг өгөхийн тулд Багам дахь гэрээсээ Шотландад очино гэж хэвлэлд ярьж байжээ.

Тэр бас гарынхаа шуун дээр “Scotland Forever” гэсэн үгсийг шивүүлсэн байсныг ойр дотны хүмүүс нь ярьдаг.

20 дугаар зууны кино урлагийн домогт жүжигчин Шон Коннери эхнэр, хоёр хүүтэй хүн байжээ.

 

Эх сурвалж: BBC