Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Юлий Цезарийн аллагын ойд зориулсан маш ховор алтан зоос $3.4 саяар зарагджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Эртний Ромын төрийн зүтгэлтэн Юлий Цезарийн аллагыг “ил тод, ичгүүр сонжуургүйгээр магтан дуулсан” гэсэн тайлбартай маш ховор алтан зоосыг дуудлага худалдаагаар зарахад $3.4 саяын үнэ хүрч, эртний зоосны үнэлгээнд шинэ дээд амжилт тогтоожээ.

Зоосны нэг талд нийтийн тооллын өмнөх 44 онд гарсан аллагыг зохион байгуулсан гол хүн Маркус Жуниус Брутусын дүрсийг товойлгож, нөгөө талд нь Брутус болон түүний хамтрагч Кассиус нарын хэрэглэсэн чичлуур хутгийг дүрсэлсэн байна.

Хутгануудын дунд чөлөөлөгдсөн боолд өгдөг бэлгэдлийн дуулгыг бас дүрсэлж, доор нь Цезарийн алагдсан өдөр гуравдугаар сарын 15-ны өдрийг бичжээ.

Уг зоосыг аллага болсноос хоёр жилийн дараа Брутусын захиалгаар хийлгэсэн юм байна. Өнөөдөр энэхүү зоосноос ердөө гуравхан ширхэг үлдээд байгаагийн нэг нь ийнхүү өндөр үнээр зарагдаж байгаа юм.

Дуудлага худалдаа Лондон хотод болж, нэрээ нууцалсан хувь хүн худалдаж авсныг зохион байгуулагчид нь мэдээлжээ.

Бүгд Найрамдах засаглалтай байсан Ромын сенаторууд Юлий Цезарь өөрийгөө хаан болгох гэж байна хэмээн сэжиглэсний үндсэн дээр аллагыг зохион байгуулсан гэдэг.

Аллагыг үйлдсэн Брутус нийтийн тоолын өмнөх 42 онд Филиппийн тулаанд Цезарийн залгамжлагч Октавиус, найз Марк Антони нарт ялагдсаны дараа амиа хорлож байжээ.

Эртний зооснуудын үнийн өмнөх дээд амжилтыг 2012 онд $3.25 саяар зарагдсан эртний Грекийн алтан зоос эзэмшиж байв. Харин Ромын үеийн зооснуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь 2008 онд $2.5 саяар зарагдсан Адриан хааны хүрэл зоос байжээ.

 

Эх сурвалж: CNN