Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн Измир хот, Грекийн Самос аралд хүчтэй газар хөдлөлт болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Орон нутгийн цагаар Баасан гарагийн үдээс хойш Эгийн тэнгист хүчтэй газар хөдөлснөөс Туркийн эргийн хот, Грекийн арлын оршин суугчид хохирол амссан байна.

Туркийн Измир хотын 20 барилга нурж, 17 хүн амь үрэгдэж, 709 хүн бэртэж гэмтжээ.

Измир нь 4.5 сая оршин суугчтай, амралт, аялал жуулчлалын төв юм. Нас барсан хүний тоо цаашид өсөх магадлалтай байгааг Измир хотын дарга мэдэгджээ. Эрэг хавийн Борнова, Байракли хотуудад мөн нэлээд хэмжээний хохирол учирсныг Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Сойлу твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Измирээс эргээс холгүй оршдог Грекийн Самос арал дээр барилгын хана нурснаас сургуулиасаа харьж явсан өсвөр насны хоёр хүүхэд дарагдан амиа алдаж, 19 хүн бэртжээ.

Уг арал дээр 45,000 орчим хүн амьдардгийн 7,000 орчим нь гадаадаас ирсэн дүрвэгчид юм.

Самос арал өндөр барилгагүй тул хохирол харьцангуй бага байгааг мэдээлжээ.

Газар хөдлөлтийн төв цэг нь Туркийн эргээс 17 км зайд, Самос арлаас хойш 16 км зайд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүчийг АНУ-ын геологийн алба 7.0 магнитуд гэж хэмжсэн бол Европын Газар дундын тэнгисийн Сэйсмологийн Төв 6.9 магнитуд гэж хэмжжээ.

 

Газар хөдлөлтийн улмаас бага хэмжээний цунами үүсч, эрэг хавийн гудамж талбай, айл өрхүүдийг усанд автуулсан байна.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган гамшигт нэрвэгдсэн бүс нутагт тусламж үзүүлэхэд бүх боломж нөөцөө шавхаж ажиллахыг албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Өчигдөр оройны байдлаар Измирт аврах ажиллагаа эхэлж, 38 түргэн тусламжийн автомашин, хоёр нисдэг тэрэг, 35 аврах баг ажилдаа орсон байна. Үүнээс гадна Туркийн бусад хэсгүүдээс 100 гаруй мэргэжилтэн Измир хот руу гарсныг мэдээлжээ.

Хэдийгээр Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт байгалийн хийн хайгуул, олборлолт явуулсан асуудлаар маргаан зөрчилтэй байгаа ч NATO-гийн гишүүн Турк, Грек улсуудын гадаад хэргийн сайд нар хоорондоо утсаар ярьж, шаардлагатай бол харилцан нэг нэгэндээ туслахаар тохиролцсон байна.

Газар хөдлөлтийн төвөөс 500 км зайтай оршдог Истанбул хотод чичиргээ мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэнэ. Грекийн нийслэл Афин болон Болгар улсын хотуудад мөн чичиргээ мэдрэгджээ.

Хамгийн сүүлд Туркийн баруун Мармара бүс нутагт 1999 онд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөхөд 17,000 гаруй хүн амь үрэгдэж байв. Грекийн Кос арал дээр 2017 оны долдугаар сард газар хөдлөхөд хоёр хүн амиа алдаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian