Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Малчид Hugo Boss, Burberry, Kering зэрэг брэндийн төлөөлөлтэй цахимаар холбогдож, тогтвортой ноолуурын талаар ярилцлаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформоос ноолуурын салбарын нийлүүлэлтийн сүлжээний эхлэл цэг болох малчдыг дэлхийн томоохон брэндүүдтэй холбосон цуврал цахим уулзалтуудыг зохион байгуулжээ.

Энэ сарын 19-23-ны хооронд Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулсан цахим уулзалтуудын үеэр Hugo Boss, Burberry зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн төлөөлөл Итали, Их Британи, Франц, Хонг Конг, Канад зэрэг улсаас холбогдож тогтвортой ноолуурын талаар хэлэлцсэн байна.

Hugo Boss, Burberry, Kering зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн төлөөлөлтэй Баянхонгор аймгийн Шинэжинст, Архангай аймгийн Их Тамир сумдын малчид хотноосоо цахимаар холбогдож, тогтвортой ноолуурын талаар ярилцлаа.

Манай улсын нийт хүн амын 30 хувь нь харьяалагддаг ноолуурын салбарт энэ төрлийн уулзалт нь өмнө тэр бүр зохион байгуулагдаж байгаагүй шинэлэг арга хэмжээ байв. Энэ үеэр малчид брэнд компаниудын төлөөлөлтэй “тогтвортой” ноолуурын бэлтгэл, мал амьтны тавлаг байдал, бэлчээрийн доройтол, малын чанар, үржлийн асуудлуудыг хөндөн хэлэлцжээ.

Энэ жил КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн зах зээл дэх ноолуурын эрэлт буурч ноолуурын ханш 50 хувиар унасан, үүнтэй зэрэгцэн баруун аймгууд ган гачигт нэрвэгдсэнээр малчдын орлого буурч ахуй амьдрал хүндрэх эрсдэлд ороод байгаа юм.

"Шинэжинст суманд Залаажинстийн цагаан яамааны цөм сүрэг үржиж байдаг"

Энэ зун ган болсны улмаас энэ өвөл Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь зэрэг аймгийн 75 сумын 80 гаруй мянган малчдын амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоотой байна. Тэдний нэг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд л гэхэд сүүлийн 4 жил гандуу байсан ба энэ жил гамшгийн хэмжээнд хүрсэн гэж малчид хэлж байна. Нийт 120 мянган малтай тус сумын нийт мал сүргийн 80 хувийг ямаан сүрэг, энэ дундаа Залаажинстийн цагаан ямаа бүрдүүлдэг. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн, Улаанбаатараас 960 км алслагдсанаас болж, өвс тэжээлээ ойролцоогоор нэг эм ямааны үнээр буюу 18-20 мянган төгрөгөөр худалдан авч байгаа гэж малчид хэлж байлаа.

Тиймээс “Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл” ТББ-аас явуулж буй баталгаажуулалтын ажлын хүрээнд малчид бүлгийн зохион байгуулалтад орж, хоршоогоороо дамжуулан дотоодын үйлдвэрүүдэд ноолуураа нийлүүлж, тогтвортой ноолуурыг дэмжсэнийхээ төлөө кг тутамд 2,000 төгрөгийн урамшуулал авсан байна.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Залаажинст Торгон сүрэг хоршооны дарга н.Оюунчимэг “Манай Шинэжинст суманд Залаажинстийн цагаан яамааны нарийн ширхэгтэй алдартай үүлдвэрийн цөм сүрэг үржиж байдаг. Энэ цагаан ямаа маань маш нарийн ноолууртай, сайн чанарын ноолууртай.

Энэхүү ноолуурыг бид эх орны үйлдвэр Говь компанитайгаа гэрээ байгуулаад хоршоо байгуулагдсан цагаасаа хойш 2019 онд 3.5 тонн, 2020 онд 8 тонн ноолуурыг бэлтгэн өглөө.

Хоршооны малчдын орлого нэмэгдэхгүй байна. Хоршооны үйл ажиллагааны бэхжилт бас байхгүй. Бэлчээрийн боломжгүйгээс Дундговь, Дорноговь, Хэнтий, Эрдэнэт гээд л явж байна. Говь-Алтай руу бас их нүүж байна. Тэгэхээр энэ олон малчид нүүгээд эргэж буцаж ирэх үү, Иймэрхүү хүнд нөхцөл байдал бий болоод байна” хэмээж байв.

аянхонгор аймгийн Шинэжинст сум 2,500 орчим малчин өрхтэй, 120 гаруй мянган малтай. Нийт мал сүргийн 80 хувийг ямаа эзэлдэг. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн. Залаажинстийн Торгон Сүрэг хоршоо 8 тонн ноолуур Говь ХК, Мон-Итали компанид SFA(Sustainable Fibre Alliance)-ийн хүрээнд нийлүүлсэн. Үүнийхээ урамшуулалд 5 сая төгрөг авжээ.

Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас улбаатайгаар бэлчээрийн доройтол, цөлжилтийн эсрэг малчид зохион байгуулалтад орж “тогтвортой ноолуур” бэлтгэлийг эрчимжүүлж ноолуураа самнах үед ангилан ялгаж, малын тавлаг байдал, бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлэх гэх зэргээр үйлдвэрүүдэд ахиу үнээр нийлүүлэх хүчин чармайлт гаргасаар байна.

Архангай аймгийн Өлзийт сум жил бүр мал сүргийн тоог 5 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна

Харин улсдаа бэлчээрийн даац хэтрэлтээрээ тэргүүлдэг Архангай аймгийн Өлзийт сум жил бүр мал сүргийн тоог 5 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж, энэ жил Эрдэнэт үйлдвэрт мах бэлтгэн нийлүүлж байгаа юм байна.

Даян Дэлхийн Байгаль Орчны сангийн санжүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд Архангай аймгийн Өлзийт сумын малчдын 30 хувь нь буюу 110 гаруй өрх, 29 бүлэгт хуваагджээ. Энэ хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумаас “эрчмийн хар”, “баяд” үйлдвэрийн 100 орчим хуц, ухныг авчран цөм сүргийн аж ахуй байгуулсан байна.

Архангай аймгийн Өлзийт сумын Үржлийн аж ахуй хариуцсан зоотехникч Б.Гомбодорж “Баяд хониор хуцаа сайжруулах төлөвлөгөөтэй байгаа. Архангай аймгийн хүрээнд ч гэсэн. Баяд хониор сайжруулах юм бол нэгдүгээр тэсвэр чанар сайтай Хүйтэн даах чадвар сайтай.

Тэгээд монгол хонийг бодвол ашиг шимээр илүү учраас ноосны хувьд ч гэсэн уртлаг, ноосны ашиг шим илүүтэй, баруун аймгийн мал учраас илүү хүйт даадаг. Манай бүс нутгаас харьцангуй хүйтэн учраас манайд бүс нутаг нь тэдэнд илүү тааламжтай бүс нутаг учраас тэнд байгаагаасаа ч илүү ашиг шим өгөх боломжтой" хэмээж байв.

Бэлчээрийн даацыг бууруулах чиглэлээр фото мониторинг хийж, газрыг хэсэгчлэн хамгаалж, амраах зарчмаар бэлчээрийн нөхөн сэргээлтийг хийж байгаа гэдгээ Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооноос мэдээлж байсан. Ноолуурын салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих, оролцогч талуудын хамтын ажиллагаа, итгэлцэл, манлайллыг бэхжүүлэх зорилго бүхий НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын тогтвортой ноолуурын Платформоос ноолуурын салбарынхныг нэгдэж, асуудлаа хэлэлцэх боломж олгох үүднээс арваннэгдүгээр сарын 20-ний өдөр анхны нэгдсэн хуралдаанаа Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэж байна.

Архангай аймгийн Их-Тамир сум 1,300 гаруй малчин өрхтэй, 400 гаруй мянган малтай. Нийт мал сүргийн 25 хувийг ямаа, 16 хувийг үхэр эзэлдэг. Бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн. Нэг малчин жилд дунджаар 9 сая төгрөгийн цагаан идээ зарж борлуулдаг байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ