Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

П.Батчулуун: Манай улсын хэмжээнд 18 амьгүй донороос 41 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаад байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал УНТЭ-т өнөөдөр боллоо. 

ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун "Донорын тухай хуулийн 13.2-д  МУ-ын 25 насанд хүрсэн иргэн амьд ахуйдаа бусдын донор болж болно гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу донор болъё гэсэн саналууд иргэдээс ирж байгаа. Бид энэхүү үйл ажиллагааг хуулийн хүрээнд өргөжүүлэх үйл ажиллагааг хийж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр бөөр болон элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах, Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Манай багуудын үр дүн дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдийн үйл ажиллагаанаас зарим талаараа илүү байна. Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай олон хүн байна.

Манай улсын хэмжээнд нийт 18 амьгүй донороос 41 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаад байна. 

Энэ хугацаанд донор эмнэлгүүд дээр 120 гаруй тархины үхэлтэй донор илрүүлсэн. Тэдгээрийн 60 орчим гэр бүлтэй уулзаж ярилцаад 14 гэр бүлээс зөвшөөрөл авсан. 12 нь бодит донор болсон. Хоёр нь хэдийгээр зөвшөөрсөн боловч донор болох шаардлагыг хангаагүй учраас донор болгож чадаагүй" гэлээ. 

Тархины үхэлтэй донор 8 өвчтөнд амьдрал бэлэглэх боломжтой

 
Гэрэл зургийг mpa.mn

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгэээнд тулгамдаж буй асуудлын талаар "Иргэдэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ойлгуулахад цаг хугацаа орохоор байна. Манай улсад жилд 500 орчим хүн ослоор нас барж байна. Цусны даралт ихсэх өвчнөөр 4,000 орчим хүн нас барж байна. Харамсалтайгаар нас барж байгаа эдгээр хүмүүсийн эд эрхтнийг тусламж хэрэгтэй хүмүүст шилжүүлэн суулгавал олон хүний амь насыг аврах боломжтой.

Дэлхийн улс орнуудад тархины үхэлтэй донороос гадна зүрх нь зогссон донорын эрхтнийг шилжүүлэн суулгаж байна. Манай улсын хувьд дараагийн үе шатанд энэ асуудлыг хөндөнө. Хуулиар амьддаа донор болох бололцоог нээсэн. Тархины үхэлтэй донор 8 өвчтөнд амьдрал бэлэглэх боломжтой. 

Шашны үзэл, гэр бүлийн хоорондын санаа нэгдэхгүй байдал зэргээс шалтгаалж нас барсан иргэдийг донор болгохоос татгалздаг. Донор болох үйл явцад ямар нэгэн мөнгө төгрөгний хөшүүрэг байх ёсгүй гэж үздэг. Донор болох хүмүүсийн зарим гэр бүлээс оршуулгын зардалд туслаач гэсэн хүсэлт ирдэг.  Гэвч бид тусламж үзүүлж чадахгүй байгаа. Донорын тухай хуульд өөрчлөлт оруулж энэ асуудлыг зөв талаас нь хөндөж оруулвал яасан юм бэ гэсэн санаа яригдаж байна" хэмээн эмч П.Батчулуун ярилаа. 

Уг хурлыг ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, БНСУ-ын Рафаэл интернэйшнл ТББ, Вайталлинк, БНСУ-ын болон Монголын Ротари клуб хамтран зохион байгууллаа. 

Хуралд гадны зочид төлөөлөгчид цахимаар оролцлоо.