Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн хөлөг астероидын хөрснөөс дээж аваад дэлхий рүү буцахад бэлэн болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дэлхийгээс 320 сая километрийн алсад байгаа эртний астероидын хөрснөөс дээж авчрах зорилготой сансрын хөлөг буцах замдаа орсныг NASA өчигдөр мэдээлжээ.

Bennu нэртэй уг астероид нарны аймаг бүрэлдэн бий болж байх үед буюу 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн тул шинжлэх ухаанд хэрэгтэй чухал мэдээлэл агуулж байгаа гэж үздэг. Өнгөрсөн долоо хоногт NASA-гийн Osiris-Rex хөлөг астероидын гадаргууд робот гарыг хэдхэн секунд хүргэхдээ хүчтэй даралтаар тоос шороо босгох замаар дээжийг “шүүрч” авсан юм.

Гэвч дээж цуглуулсан савны таганд чулуу тээглэсэн байж болзошгүйг энэ долоо хоногийн эхээр зарлаж байв. Хэрвээ ингэсэн бол цуглуулсан дээж гадагш алдагдаж, зорилго бүтэлгүйтэх байв.

Харин өчигдөр дээж цуглуулах савны таг бүрэн хаагдаж, Osiris-Rex хөлөг буцах замдаа ороход бэлэн болсныг NASA мэдээлжээ.

Сансрын хөлөг асар урт зам туулж, 2023 оны есдүгээр сард дэлхийд газардах юм.

Bennu астероид нь ердөө 500 метр өргөнтэй, тэгш бус гадаргуутай тул дээр нь сансрын хөлөг буух боломжгүй. Тиймээс гадаргууд нь ойртож очсоны дараа робот гарын тусламжтай дээж авах арга хэрэглэжээ.

Osiris-Rex хөлөг одоо 400 грамм орчим дээж авч чадсан гэж NASA үзэж байна.

Дэлхийгээс асар хол зайд байгаа тул мэдээлэл 18 минутын хоцрогдолтой дамждаг нь уг ажиллагааг маш нарийн төвөгтэй болгож байгаа юм.

Osiris-Rex хөлгийг 2016 онд дэлхийгээс хөөргөж байжээ.

 

Эх сурвалж: BBC