Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмээлтэд түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 450 тонныг битүүмжлэн ₮13 саяар торгосон. Нийслэлд зарим ААН түүхий нүүрс хэрэглэж байгаа"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг агаар сэрүүсэж, галлагааны улиралд эхэлсэнээр нийслэл хотын агаарын чанар муудаад байна.

Ялангуяа өглөө, оройн цагт утаатай болсон нь гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс түлж байх магадлалтай гэх хардлага иргэдийн дунд байгаа юм. Энэ асуудалд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьдаг тул ойрын хугацаанд түүхий нүүрс хэрэглэсэн болон нийслэл рүү оруулахыг завдсан тохиолдол хэр гарч буй талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Төмөрбатаас тодрууллаа.

-Гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэж байгаа зөрчил илэрсэн үү?

-2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд хяналт, шалгалт тогтмол хийж байна. 2020 оны галлагааны улирал эхэлснээс хойш гэр хорооллын айл өрх түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил бүртгэгдээгүй

Харин нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 20 гаруй аж ахуйн нэгж түүхий нүүрс хэрэглэж байгаа.

-Хэрэв зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэсэн бол ямар шийтгэл оногдуулах вэ?

-Зөрчлийн тухай хуульд 2020 оны нэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулж, уг хуулийн 6.24.2-т Агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлсэн бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан.

Энэ дагуу шийтгэл оногдуулна. 

-Нийслэл рүү орох хяналтын найман цэгт хийж буй хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийн талаар тодруулъя. Түүхий нүүрс оруулахыг завдсан хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-2020 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг завдсан зургаан тохиолдлыг илрүүлж, иргэн тус бүрийг 100 нэгжээр торгож, нийт 74.1 тонн түүхий нүүрсийг хүраан авч, Амгалан дулааны цахилгаан станцад шилжүүлсэн. 

-Их хэмжээний түүхий нүүрс хадгалж байсныг илрүүлж, 13 сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай мэдээлэл саяхан гарсан?

-Энэ нь аж ахуйн нэгжид хамаарах зөрчил юм. Тодруулбал, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлтэд мах, түүхий эд боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс ашиглаж байсан найман зөрчил илэрсэн.

Эдгээр аж ахуйн нэгж нь дэд бүтцэд холбогдоогүй тул нүүрсийг дулааны эх үүсвэр болгон ашиглаж байсан бөгөөд нийт 450 тонн түүхий нүүрс хадгалж байсныг илрүүлж, 13 сая төгрөгөөр торгосон. Их хэмжээний түүхий нүүрс байгаа тул битүүмжилсэн, үүнийг хэрхэхийг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулагдаад байгаа.