Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттулга: Технологиор дамжуулан ажлын байрны дарамт, хүнд суртлыг бууруулахаар зорьж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Photo by Unread.today

Саяхан нээлтээ хийсэн HR Tech салбарын Nito платформын үүсгэн байгуулагчдын нэг Google компанийн ахлах программ инженер Б.Баттулгатай ярилцлаа.

Хэн урьдчилж харж зөв өөрчлөлтийг хийж чадна тэр хүн тухайн салбарыг бүхлээр нь өөрчлөх, тэр байтугай салбарын тэргүүлэгч болох боломжтой үе ирж байна

- Цахим шилжилт, биг дата хүн төрөлхтний амьдралд хүчтэй өөрчлөлт авч ирнэ гэж олон хүн ярьж, бичиж байна. Та технологийн тэргүүлэх компаниудын нэгэнд ажиллаж буй хүний хувьд ойрын хугацаанд бидний амьдралд гарах хамгийн том өөрчлөлтүүд юу байх болно гэж таамаглаж байна вэ?

- Урьд нь технологийн талаар төдийлөн анхаардаггүй байсан хөдөө аж ахуй, аж үйлдвэр, зугаа цэнгэл, эрүүл мэнд зэрэг салбар технологийн салбарын нэг хэсэг болон хувьсан өөрчлөгдөх үйл явц өрнөж байна. Энэ бүхнийг хэн урьдчилж харж зөв өөрчлөлтийг хийж чадна тэр хүн тухайн салбарыг бүхлээр өөрчлөх, тэр байтугай салбарын тэргүүлэгч болох боломжтой үе ирж байна.

- Монголын технологийн хөгжил дэлхийн жишигтэй харьцуулбал хаана явна гэж та дүгнэх вэ?

- Өсөж торниж байна. Дээр хэлсэнчлэн технологи бүх салбарын үндэс суурь нь болох учиртай. Яваандаа технологийн ба технологийн бус гэж зүйл байхгүй болно. Бүх салбар технологи дээр суурилдаг болж технологийг эзэмшсэн мэргэжилтнүүд хир ихтэй вэ гэдгээр тухайн улс орны өрсөлдөх чадвар тодорхойлогдох болно.

- Ийм цаг үед үед өрсөлдөх чадвараа хадгалахын тулд Монгол улс юу хамгийн түрүүнд хийх ёстой гэж бодож байна вэ?

- Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг илүү олноор сургаж бэлтгэх, бусад салбаруудад мэдээллийн технологийг нэвтрүүлэх маш чухал. Үүнд бэлтгэж бид аль болох залуу үеэ технологид сонирхолтой болгох, тодорхой чадваруудыг эзэмшүүлэх шаардлагатай. Одоо бол илүү олон хүн технологийн салбарт татагдаж байна, бусад салбарууд технологийг өөриймшүүлэхээр оролдож буй нь тун чухал.

“Залуу мэргэжилтнүүдийг өөрийн карьераа өсгөх, бэлтгэгдсэн мэргэжилтэн болж өсөхөд хувь нэмрээ оруулах зорилготой”

 
Photo by Unread.today

- Хамгийн сүүлд таныг Nito гэх аппликэйшныг бүтээхэд оролцсон гэж сонссон. Nito ямар зорилготой, хүмүүсийн амьдрал дахь ямар асуудлыг шийдэх зорилготой вэ?

- Залуу мэргэжилтнүүдийг өөрийн карьераа өсгөх, бэлтгэгдсэн мэргэжилтэн болж өсөхөд хувь нэмрээ оруулах зорилготой.

Байгууллагууд хүнийг ажилд авч хүссэн ажлаа хийлгэдэг систем бус мэргэжилтнүүд өөрийн хүсэл мөрөөдөлд хүрэх, ирээдүйг бүтээхийн тулд ажилладаг, байгууллагууд мэргэжилтнүүдийнхээ дуу хоолой хүсэл мөрөөдлийг сонсож түүнд тохируулан зорилгоо тодорхойлдог ийм системийг бий болгоход бага ч гэсэн тус нэмэр болох байхаа гэж бодож байна.

- Glassdoor зэрэг Nito-той ижил төрлийн аппликэйшнууд бий. Ийм төрлийн бусад платформоос юугаараа ялгарах вэ?

- Байгууллага болон ажилтнуудын дунд үл ойлголцол үүсэх үе цөөнгүй.

Бид үүнийг арилгахын тулд мэргэжилтнүүд хувийн мэдээллээ нууцлан орж, нэгдсэн мэдээлэл үүсгэдэг платформ хийхийг зорьсон. Нэг үгээр бол Nito гүүр юм. Цаашид ч өмнө нь Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд байгаагүй сонирхолтой, шинэ үйлчилгээ, функцүүдээр манай аппликэйшн баяжих болно.

“Хүнд суртал, ажлын байран дээрх дарамт Азийн улс орнуудын соёлд гүн бат шингэсэн байдаг”

 
Photo by Unread.today

- Nito Монгол, Япон, Сингапур гэсэн Азийн гурван улсад эхний ээлжид нэвтэрнэ гэсэн. Яагаад заавал Азийн зах зээлийг эхний ээлжид онилох болов?

- Азийн орнуудад ажлын байрны “wellbeing” гэх зүйлийг өнөөг хүртэл орхигдуулсаар ирсэн.

Хүнд суртал, ажлын байран дээрх дарамт Азийн улс орнуудын соёлд гүн бат шингэсэн байдаг. Мэдээж хэрэг энэ нөхцөл байдлыг сайжруулахаар оролддог ч ахиц дэвшил удаан байна. Гэтэл нөгөө талдаа азиуд технологийн дэвшлийг маш хурдацтай хүлээж аваад байдаг. Иймд технологиор дамжуулан соёлын энэ өөрчлөлтийг хийх боломжтой юм уу гэж манай баг харж байна. 

- Хүний нөөцийн салбарт ойрын хугацаанд гарах хамгийн том технологийн өөрчлөлтүүд юу байх бол?

- Технологийн өөрчлөлтүүд болон яг одоо дэлхий нийтээр тулгараад байгаа нөхцөл байдлаас үүдээд зайнаас ажиллах, freelancer буюу манайхаар чөлөөт уран бүтээлч маягаар ажиллах ажлын байрнууд олноор бий болж байна.

Энэ нөхцөл байдал амжилт олох байгууллагуудын хамгийн гол чанар нь нээлттэй байдал байх болов уу. Мэргэжилтнүүд нээлттэй мэдээллийн эх сурвалжаас тухайн компанийн санал болгож буй ажлын байр өөрийнх нь хүсэл мөрөөдөлтэй нийцэж байгаа эсэх, тухайн байгууллагад бүтээмжээ хамгийн дээд зэргээр гаргаж чадах эсэхээ ажилд орохоосоо өмнө мэдэж авах нь чухал. Ийм боломжийг олгож чадах нээлттэй байгууллагууд өрсөлдөөнд шалгарч үлдэж чадна гэж бодож байна. 

- Цаг гарган ярилцсанд баярлалаа.