Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэрхэн зохион байгуулагддаг вэ?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах гэж байна.

Энэ өдөр америкчууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шууд сонгодоггүй. Оронд нь өөрийг нь төлөөлж санал өгөх бүлэг хүмүүсийг сонгодог байна.

Эдгээр хүмүүсийг цугт нь “electoral college” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл америкчууд өөрийнх нь сонголтыг дамжуулж өгөх “Electoral college”-ийн төлөөлөгчийг сонгодог юм. Эдгээр төлөөлөгчид нь аль нэр дэвшигчийг сонгохоо ил тод мэдэгдсэн байдаг.

АНУ-ын муж бүрийн “electoral college”-ийн төлөөлөгчийн тоо нь хүн амын тоотойгоо хамааралтай байдаг. Тухайлбал хамгийн олон хүн амтай Калифорни мужид 55 төлөөлөгч байдаг бол Вёминг, Аляска, Умард Дакота зэрэг цөөн хүнтэй мужуудад гурван төлөөлөгч оногддог байна.

АНУ-ын ерөнхийлөгч нийт 538 ийм төлөөлөгчийн үнэмлэхүй олонхын саналаар сонгогддог.

Өөрөөр хэлбэл хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал авсан хүн ерөнхийлөгч болдог байна.

 

1787 онд АНУ-ын үндсэн хуулийг зохиож байх үед “electoral college” хэмээх ойлголтыг бий болгожээ.

Тухайн үед улс орны газар нутаг том, харилцаа холбоо сул хөгжсөн байсан тул иргэдээр шууд сонголт хийлгэх боломжгүй байв. Нөгөө талаас үндсэн хуулийг бүтээгчид Вашингтонд суугаа хууль тогтоогчдоор ерөнхийлөгчийг сонгуулахыг хүсээгүй юм.

Ерөнхийдөө мужууд сонгогчдынхоо олонхын дэмжлэгийг авсан нэр дэвшигчид “electoral college”-ынхаа бүх төлөөлөгчийн саналыг автоматаар өгдөг. Тухайлбал Техас мужийн сонгогчдын 50.1 хувь нь нэг нэр дэвшигчийг сонгуулахаар дэмжсэн бол тус мужийн 33 төлөөлөгчийн санал автоматаар тэр нэр дэвшигчид хуваарилагдана.

Харин Мэйн, Небраска гэсэн хоёрхон муж л сонгогчдынхоо саналын харьцаан дээр үндэслэн төлөөлөгчдийнхөө саналыг хуваадаг байна.

Тиймээс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид орон даяар сонгогчдын олонхын дэмжлэгийг авахаар хичээхийн оронд хэнд нь ч санал өгч болзошгүй “хувирамтгай” мужуудад гол анхаарлаа хандуулдаг юм.

Ийн учраас нийт сонгогчдын олонхын дэмжлэгийг аваагүй ч 270-аас дээш төлөөлөгчийн санал авсан хүн АНУ-ын ерөнхийлөгч болох боломжтой байдаг.

Сүүлийн таван сонгуулийн хоёрт нь нийт сонгогчдоос цөөн санал авсан хүмүүс ерөнхийлөгч болжээ.

Тухайлбал 2016 онд Дональд Трамп өрсөлдөгч Хиллари Клинтоноос гурван сая орчим санал дутуу авсан ч “electoral college”-ийн төлөөлөгчдийн олонхын саналаар ерөнхийлөгч болж байв.

2000 онд Ардчилсан Намаас нэр дэвшигч Аль Гор хагас сая гаруй сонгогчийн санал илүү авсан ч 271 төлөөлөгчийн санал авсан Жорж Уокер Бушт ялагдаж байжээ.

Бусад гурван ийм тохиолдол нь бүгд 19 дүгээр зуунд болсон сонгуулиудад гарч байсан юм. Хэрвээ нэр дэвшигчдийн хэн нь ч төлөөлөгчдийн олонхын санал авч чадаагүй бол АНУ-ын конгрессийн доод танхим ерөнхийлөгчийг сонгодог байна.

Түүхэнд ганцхан ийм тохиолдол гарсан нь 1824 оны сонгууль юм. Тухайн үед өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчийн хэн нь ч төлөөлөгчдийн олонхын саналыг авч чадаагүй байна.

Гэхдээ хоёр нам АНУ-ын улс төрийн системд давамгайлж буй өнөө үед ингэх боломж бараг байхгүй юм.

 

Эх сурвалж: BBC