Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх оноос гадаад паспортын үнийг 10 мянган төгрөг хүртэл бууруулах боломжтой болно”

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
mpa.mn

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд хууль, хяналтын байгууллагын удирдлагууд оролцож, ирэх оныхоо төсвийг хэлэлцүүлсэн юм. 

Хууль, хяналтын байгууллагын төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаабазар асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаабазар: Цахим гавд 6.5 тэрбум төгрөг төсөвлөж байгаа юм байна. КОИКА-гийн нэг төсөл явж байгаа билүү. 2021 онд зорчих эрх хязгаарлах ял авсан бүх хүнд 6.5 тэрбум төгрөгөөр гав авч хүрэлцэх үү. Нэг гавны үнийг хэдээр тооцож байгаа вэ. 

Хоёрдугаарт, үндэсний гадаад паспортын бичилт хийх тоног төхөөрөмж авна гээд 17 тэрбум төгрөг тавьсан байна. Энэ талаар тодруулмаар байна. Цагдаагийн байр байшин бүхэлдээ хүнд байгаа. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт түлхүү тавих боломж байна уу. 

Шүүхүүдийн байр байшинг засаж сэлбэх хүсэл, идэвх санаачилга харагдахгүй юм. Энэ Шүүхийн ерөнхий зөвлөлд байна уу Сангийн яамандаа байна уу. Үүнийг яаж зохицуулах вэ. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Ирэх онд цагдаагийн байгууллагад автомашины парк шинэчлэл бүрэн хийгдэнэ. Хил хамгаалах ерөнхий газарт тодорхой тоогоор хийгдэнэ. 

Гавны тухайд нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах шийтгэл ногдуулах бүх бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа. Өмнө нь “Экзим” банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гав авах байсныг болиод зээлээ зогсоосон. Энэ зээлээр хэд хэдэн аймагт барилга, байшин барих байсан. Бид нэг ч байшин барихгүй. Дотоод нөөц бололцоогоо ашиглана. 

Ирэх онд ойролцоогоор 1,080-2,000 хүн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх судалгаанд үндэслэж энэ бэлтгэл ажлыг хангаж байгаа. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортыг 33,500 төгрөгөөр гаргадаг. Жилд дунджаар 350 мянган гадаад пасторт хэвлүүлдэг. Нэг ширхэг паспорт тутмын 15 мянган төгрөг “Титан” гэдэг хувийн компанийн данс руу ордог. Бэлдэц дээр хүний овог, нэрийг бичсэнийх нь төлөө тэр компанид энэ мөнгийг төлдөг. 

Тиймээс 2.8 тэрбум төгрөгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг энэ жил худалдаж авч дуусгана. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гадаад паспортын үнийг 10 мянган төгрөг хүртэл бууруулах боломжтой болно. 

“Титан” компанид жилд дунджаар 5-5.5 тэрбум төгрөгийг зөвхөн бэлдэц хэвлэснийх нь төлөө өгч байна. Энэ зардал хэмнэгдэх юм. ҮАБЗ-өөс хувийн сектороос гадаад пастортын бичилт хийдгийг зогсоох зөвлөмж гарсан байгаа. 

ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр: Шүүхийн байрууд бүгд хуучин. Бүгдийг нь шинээр барих шаардлагатай байгаа. Хамгийн сүүлд 2013 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгөөр Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн байрыг барьсан. Өнгөрсөн онд Ховд аймгийн шүүхийн байрны өргөтгөлийг 800 сая төгрөгөөр барьсан. Өөр шүүхийн байртай холбоотой ямар нэгэн хөрөнгө оруулалт байхгүй.