Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гийхнаран: Зөрүүтэй ойлголтоос үүдэн ЭМД-ын сангийн орлого 57.6 тэрбумаар тасраад байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдварын үед эдийн засгийг дэмжих хүрээнд Засгийн газраас иргэд болон ААН-үүдийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн даатгал(НДШ) болон орлогын албан татвар(ХАОАТ)-аас чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Гэтэл зарим ААН, иргэд уг шийдвэрт эрүүл мэндийн даатгал(ЭМД)-ыг мөн хамруулан буруу ойлгосноос үүдэн ЭМД-ын сангийн орлого тасалдаад байгаа ажээ.

Энэ талаар ЭМД-ын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнарангаас тодруулахад "Коронавируст халдвар(СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай хуулийн хүрээнд тодорхой хугацаанд зөвхөн НДШ-ээс чөлөөлсөн. Үүнийг зарим ААН буруу ойлгосноос болоос ЭМД-ын шимтгэлээ төлөхгүй байгаа. Үүнээс үүдэн 2020 оны есдүгээр сарын 30-ны байдлаар ААН, даатгуулагчдаас орох шимтгэл 57.6 тэрбумаар тасраад байна. Есдүгээр сарын 30-ны байдлаар ЭМД-ын санд 380.4 тэрбум төгрөг орж ирэх ёстой байсан ч 322 тэрбум төгрөг төвлөрсөн. Тодруулбал,

  • ААН-ээс орж ирэх 22 тэрбум,
  • Даатгуулагчаас орж ирэх 25 тэрбум,
  • Төсөвт байгууллагаас орж ирэх орлого 10.6 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан бол
  • Төр даатгалыг нь хариуцдаг даатгуулагчид/0-18 насны хүүхэд, өндөр настан, цэргийн албан хаагч г.м/-ын шимтгэл бүрэн төлөгдсөн.
ЭМД-д ажил олгогч 2%, ажилтан 2%-ийн шимтгэл төлөх ёстой бөгөөд зарим ААН зөрүүтэй ойлголттой байгаагаас шалтгаалаад эдгээр шимтгэлээ төлөхгүй, өр үүсээд яваад байгааг зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай.

Монгол Улсын иргэн албан журмаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой" гэдгийг хэллээ.