Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын нүүрсний импортын хамгийн том тоглогч Австралийг Монгол орлох уу?

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хятадын эрх баригчид өөрийн төрийн өмчит эрчим хүчний компаниудад Австралийн нүүрсийг авахаа зогсоох чиглэл өгсөн тухай S&P Platts түүхий эдийн зах зээлийн мэдээллийн сувгаас мэдээлсэн талаар бид хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор тус улсын нүүрсний зах зээлд тоглогчдын дүрэмд өөрчлөлт орж мэдэхээр байгаа талаар Хятадын хэвлэлүүд хөндөж эхэлжээ. 

Энэ оны есдүгээр сард Австралиас хоёр дахин их хэмжээний металлургийн нүүрсийг Монгол Улс БНХАУ-д экспортолсон тухай худалдааны статистик манай улсыг Хятадын хамгийн том нийлүүлэгч болох боломжтойг илтгэж буйг Globaltimes онцолсон байна.   

Өнгөрсөн сард Монгол Улсын нүүрсний экспорт наймдугаар сарынхаас 17.17% өсөж, 4.65 сая тоннд хүрснээс 96.4 хувийг нь Хятад улсад нийлүүлжээ. Тэгвэл БНХАУ-д экспортолдог Австралийн коксжих нүүрсний хэмжээ есдүгээр сард 2.72 сая тонн буюу жилийн хамгийн доод түвшинд хүрч унав.

Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээ ийнхүү өссөн нь цар тахлын үед хоёр орны эдийн засаг, худалдааг өсгөх зорилго бүхий “Ногоон гарц”-ыг наймдугаар сард хэрэгжүүлж эхэлсний үр дүн. Энэ бодлогоос өмнө өдөрт 500-1,000 ачааны машинаар Монголоос Хятад руу нүүрс гаргаж байсан нь наймдугаар сараас өдөрт 2,000 болж өссөн. 

Монгол Улс урд хөршдөө нүүрс гаргах төмөр замыг барьж байгуулж буй. Уг төмөр замын эхний хэсэг 2021 онд дуусах хүлээлттэй байгаа бөгөөд жил бүр 30 гаруй сая тонн коксжих нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцоотой байна. 

Түүнчлэн хоёр талын худалдааны тарифыг бууруулснаар Монгол Улс Хятадын нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа ахиулах төлөвтэй.

Монгол Улс хамгийн сүүлд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орохоор болсон шийдвэр нь Монгол Хяталын худалдаанд цаашид ашиг тусаа өгнө хэмээн үзэж байна. 

Энэ хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, эрдэс, мод, химийн зэрэг 366 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийхээ татварыг бууруулна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс татварын таатай бодлого хэрэгжүүлэх нь. 

Хятад улсын тухайд 2060 он гэхэд ашигт малтмалын түлшийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр аажмаар сольж, түүхий нүүрсний хэрэглээгээ бууруулах замаар хүлэмжийн хийн ялгарлаа зохистой түвшинд хүргэх амлалтаа дэлхий нийтэд өгсөн. Мэдээж энэ нь урт хугацааны хүчин чармайлт ба богино хугацаандаа Хятадын нүүрсний импорт чухал хэвээр байх нь дамжиггүй. 

Хятадын нүүрсний импортыг газар зүйн байршлаар нь авч үзвэл Монгол, Индонези, ОХУ Австралиас илүү ойр. Тэр дундаа Монгол Хятад дахь коксжих нүүрсний хамгийн ойр бөгөөд том эх үүсвэр. Харин Хятад Австралийн харилцаа муудсанаар хоёр талын нүүрсний худалдаа муудаад байгаа билээ. 

Иймд Хятад улс өөрийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангах үүднээс найрсаг бус орны нийлүүлэлтээс хамаарах байдлаа бууруулахын тулд импортын эх үүсвэрээ төрөлжүүлэхийг хүсэж байгааг тодотгожээ. 

 
Эх сурвалж: globaltimes.cn