Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден өрсөлдөгчийнхөө нэрийг мартсан уу?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд оролцохдоо Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден өрсөлдөгчийнхөө нэрийг андуурч будилжээ.

“Жоржийг дахин дөрвөн жил удирдсаны дараа бид ямар улс оронд амьдарч байх бол?” гэж Байден ярьсан нь одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг эцэг, хүү Жорж Бушийн аль нэгтэй андуурсан хэрэг байв.

Байдены гэргий энэ үед хажуунаас нь сануулсаар алдаагаа засаж байжээ.

Маргааш нь Дональд Трамп өрсөлдөгчийнхөө алдааг шүүрэн авч, энэ нь зөнөсний шинж тэмдэг гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

“Өчигдөр Жо Байден намайг Жорж гэж нэрлэсэн. Миний нэрийг санахгүй байна. Ярилцлагаа хөтлөгчийн тусламжтай арай гэж дуусгалаа. Хуурамч Мэдээний Мафи үүнийг нуухын тулд толгой өндийхгүй ажиллаж байна!” гэж тэр бичсэн юм.

Трампын сонгуулийн штабын твиттер хуудас ч тэр дор нь Байдены ярилцлагын энэ хэсгийн дүрсийг тасдан нийтэлжээ.

Дональд Трамп өөрөөсөө гурван насаар ах Жо Байденыг зөнөж, ой тогтоомж, сэтгэх чадвар нь муудсан тул ерөнхийлөгч байх боломжгүй гэж байнга шүүмжилдэг. Сүүлчийн халз мэтгэлцээний үеэр Байден хөтлөгчийн асуултыг буруу сонсоод өөр сэдвээр ярьсан нь энэ сэжгийг нэмэгдүүлсэн юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь жижиг бизнесүүдэд хохиролтой юу гэсэн асуулт тавихад Байден жижиг бизнесүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой тухай ярьж байв.

Өмнө нь тэр бас өөрийгөө сенатын суудалд өрсөлдөж байгаа тухай хэд хэдэн удаа ярьж, сенатор Митт Ромнигийн нэрийг мартаж, АНУ-д 200 сая хүн коронавирусийн халдвар аваад байгаа тухай ярьж байжээ.

Бас нэг удаа Covid-19 өвчнийг Covid-9 гэж буруу ярьсан байна.

Хэрвээ Байден энэ сонгуульд ялбал АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болох юм. Одоогийн ерөнхийлөгч 74 настай Дональд Трамп дахин сонгогдвол бас л хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж түүхэнд бичигдэнэ.

 

Эх сурвалж: Sky News