Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Зоригоо: Явган зорчигч мөргөж хүнд гэмтээсэн унадаг дугуйн жолооч хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байсан

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын замын түгжрэл иргэдийн бухимдлыг төрүүлдэг гол зүйлийн нэг болоод удаж буй. Үүнтэй холбоотойгоор иргэд алхах эсвэл унадаг дугуй, цахилгаан скүүтер болон мопед зэргийг хэрэглэхийг илүүд үзэх болжээ.

Иймд замын хөдөлгөөнд дээрх хэрэгсүүдээр хөдөлгөөнд оролцогсдын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоогоос тодрууллаа.

 

-Сүүлийн үед иргэд автомашинаас илүү унадаг дугуй, мопед, цахилгаан скүүтерийг хэрэглэхийг илүүд үзэх болсон байна. Ер нь дээрх хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсгээр явах нь зөв үү эсвэл унадаг дугуйн замаар явах нь зөв үү?

-Мопед, унадаг дугуй, скүүтер зэрэг нь Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ангилал шаарддаггүй. Дүрэмд зааснаар бол уг нь унадаг дугуй, мопед зэрэг нь явган хүний замаар эсвэл зориулалтын унадаг дугуйн замаар явах чиг үүрэгтэй. Гэтэл манайд зориулалтын дугуйн зам тэр бүр байдаггүй эсвэл явган хүний зам эвдрэлтэй байдаг учраас зорчих хэсгээр яваад байдаг юм.

Тодруулбал,  Замын хөдөлгөөний дүрмийн 25.4-т: Унадаг дугуйг 14-өөсмопедийг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд буюу (нэг метрээс илүү өргөн ачаатай бол, зохион байгуулалттай цуваагаар яваа үед) зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно гэсэн байдаг.

Хэрэв зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсхүл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно гэдгийг тодорхой заасан байгаа.

-Ер нь дээрх хэрэгслүүдтэй холбоотой осол хэр олон бүртгэгддэг вэ?

- Унадаг дугуй, мопедтой замын хөдөлгөөнд оролцож байгаад явган зорчигчийг мөргөх эсвэл автомашинтай шүргэлцсэн тохиолдолд тухай хэрэгслийг жолоодож буй жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн дагуу л үүрэг хүлээнэ.

Он гарсаар эхний есөн сарын хугацаанд улсын хэмжээнд унадаг дугуйтай холбоотой осол 15 бүртгэгдсэн. Үүнээс тав нь хүн гэмтээсэн бол үлдсэн нь автомашины толь шүргэсэн байдлаар бүртгэгджээ.

Харин мопедтой холбоотой осол есөн сарын хугацаанд дөрөв бүртгэгдсэн байна. Ер нь мопедтой холбоотой осол хэрэг харьцангуй бага гардаг.

Унадаг дугуйтай осол яагаад мопедтой ослоос их байгаа вэ гэвэл мопед өргөн учраас машины голоор явах боломжгүй буюу дүрмийн дагуу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ зэргээр аюулгүй байдлаа хангаад явчихдаг тал бий. Харин унадаг дугуйтай хүмүүс замын түгжрэл үүсэнгүүт автомашины голоор сүлжиж яваад машин шүргэх тохиолдол олон гардаг.

Сүүлийн үед хүмүүс цахилгаан скүүтер ашигладаг болсон ч яг уг скүүтертэй холбоотой осол хэрэг огт бүртгэгдээгүй. Гэхдээ цахилгаан скүүтер нь их эрсдэлтэй. Учир нь иргэд цахилгаан скүүтерийг автомашины голоор эвсэл явган хүний замаар гээд унадаг дугуй шиг л хэрэглэж байна.

Ангилал шаардахгүй гээд унадаг дугуй, скүүтерийг хамаагүй хурдтай унах нь олон эрсдэл дагуулдаг гэдгийг сануулах нь зөв. 

Тухайлбал, 2019 онд Баянзүрх дүүргийн нутагт зорчих хэсгээр явж байсан унадаг дугуй гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж хүнд гэмтээсэн хэрэг бүртгэгдэж байв. Уг хэргийг шүүхээр шийдвэрлэхэд, тухайн дугуйн жолооч хоёр жилийн хорих ял авсан харамсалтай тохиолдол бий.

Тиймээс скүүтер, унадаг дугуй унаж байгаа хүмүүс ч анхаарал болгоомжтой зорчих зайлшгүй шаардлагатай. Тэд зориулалтын замаар зорчиж, гарцаар зам хөндлөн гарахдаа заавал түрж гарах ёстой гэдгийг Замын хөдөлгөөний дүрэмд ч заасан нь бий.

-Дээр дурдсанчлан дүрмийн дагуу унадаг дугуйтай хүн автомашины голоор сүлжиж яваад тухай машиныг шүргэсэн тохиолдолд унадаг дугуйн жолоочийн буруу болох нь, тийм үү?

-Дугуйтай хүн зориулалтын замаар эсвэл явган хүний замаар хөдөлгөөнд оролцох ёстой. Үнэхээр тийм зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээндээ чиглэлийн тээврийн хэрэгслийг шахаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Хэрвээ эгнээ байр сольж байгаад буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаад зам тээврийн осол гаргасан тохиолдолд аль дүрэм зөрчсөн жолоочийн л буруу болно гэсэн үг.