Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч Францын бараа бүтээгдэхүүнд бойкот зарлалаа

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Францын сэтгүүлийн нүүрэнд Исламын шашны зөнч Мухаммедыг шоглож зурсныг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхийн хэд хэдэн улс оронд эхлээд байна.

Мухаммедын зургийг хичээлдээ ашигласан дунд сургуулийн багш энэ сарын дундуур Парисын ойролцоо дүүрэгт бусдын гарт амиа алдсан билээ. 

Энэхүү аллагын дараа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон исламын радикал үзэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлж, Шарли Эбдо сэтгүүлд гарсан зургийг хориглохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрбээр радикал үзэлтэй этгээдэд толгойгоо таслуулсан багш Самуэл Патиг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж нэрлээд Францын төрийн дээд шагналыг нөхөн олгож байв.

Гэвч Макроны энэ байр суурийг исламын шашинт зарим улс орнууд эсэргүүцэж эхэлжээ. Тэд Макроныг шашин шүтэх эрх чөлөөнд халдаж, бурхан шүтээнийг нь доромжиллоо гэж үзэж байна.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр ард түмэндээ Францын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг уриалжээ. Тэр 2018 онд бас Трампын засаг захиргаатай маргаан үүсгэснийхээ дараа АНУ-ын электрон барааны эсрэг бойкот зарлаж байв.

Өчигдөр Кувейт улсын нийслэлийн зарим дэлгүүрүүд L’Oreal брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг худалдахаа зогсоожээ. Саудын Арабын сошиал ертөнцөд Францын Carrefour супермаркетаар үйлчлүүлэхгүй байх уриалга гарсан байна. Тус компанийн Парис дахь төв оффис одоогоор ямар нэг сөрөг нөлөө мэдрэгдээгүй байгааг мэдээлжээ.

Саудын Арабын шашны зөвлөл зөнч Мухаммедыг доромжлох нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй ямар ч хамаагүй, ингэснээр радикал үзлийг улам дэвэргэж байна гэж шүүмжилсэн байна.

Катарын засгийн газар Францын ерөнхийлөгчийн бодлогод харамсаж байгаагаа өчигдөр мэдэгджээ. Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф мөн ижил утгатай мэдэгдэл твиттер хуудсандаа гаргасан байна.

Харин Европын Холбооны хэд хэдэн гишүүн орны удирдагчид Эммануэл Макроныг өмөөрсөн мэдэгдэл гаргажээ. Тухайлбал Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте хөрш улсынхаа ерөнхийлөгчтэй бүрэн санаа нийлж байгааг твиттер хуудсандаа бичсэн байна.

 

Эх сурвалж: Reuters