Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын зуучлалтай байгуулагдсан Уулын Карабахт гал зогсоох гэрээ зөрчигдлөө

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн зуучлалаар Армени, Азербайжаны гадаад хэргийн сайд нар Уулын Карабахт гал зогсоох тохиролцоог хийсэн юм.

Өмнө нь ОХУ-ын зуучлалаар байгуулагдсан гал зогсоох гэрээ хоёр удаа зөрчигдөөд байв. Харамсалтай нь гурав дахь тохиролцоо дахин бүтэлгүйтжээ.

Орон нутгийн цагаар Даваа гарагийн өглөөний 08:00 цагаас эхлэн талууд галаа зогсоох ёстой байсан ч хэдхэн минутын дараа харилцан буудалцаж эхэлсэн байна.

Армени, Азербайжаны удирдагчид түрүүлж гал нээсэн хэмээн нэг нэгнээ харилцан буруутгасан байна. Есдүгээр сарын 27-нд эхэлсэн Уулын Карабахын мөргөлдөөн даамжирвал Азербайжаныг дэмжигч Турк, Арменийг дэмжигч Орос улсууд дайнд татагдан орох эрсдэл үүсээд байгаа.

Мөн энэ мөргөлдөөн Азербайжаны газрын тос, байгалийн хийг олон улсын зах зээлд гаргадаг хоолойны ойролцоо өрнөж байгаа нь аюул дагуулж байна. Хэрвээ Турк улс Уулын Карабахын мөргөлдөөнд оролцож эхэлбэл NATO-гийн гишүүн орнуудын дотор хагарал үүсэх эрсдэлтэй байгаа.

Тиймээс Минскийн бүлэгт багтдаг АНУ, Франц, Орос улсууд Уулын Карабахын мөргөлдөөнийг зогсооход нэлээд хүчин чармайлт гаргаж байна. Минскийн бүлэг нь Зөвлөлт Холбоот Улсыг задрах үед үүссэн энэхүү хямралыг зохицуулах зорилготой байгуулагдаж байв.

Аравдугаар сарын 29-нд эдгээр орнуудын гадаад хэргийн сайд нар Армени, Азербайжаны гадаад хэргийн сайд нартай Швейцарийн Женев хотод уулзаж, ярилцахаар төлөвлөжээ.

1991-1994 оны Уулын Карабахын дайнд 30,000 орчим хүн амь үрэгдэж байв. Энэ удаагийн мөргөлдөөнд Уулын Карабахын талаас 41 энгийн иргэн, 974 цэрэг алагдсан тухай мэдээлж байна. Азербайжаны тал 65 энгийн иргэн амь үрэгдэж, 297 хүн шархдсаныг мэдээлсэн ч зэвсэгт хүчнийхээ хохирлыг нууцалж байгаа юм.

Азербайжаны нутаг дэвсгэрийн гүнд оршдог Уулын Карабах нь армени үндэстнүүд голлон суудаг өөртөө засах муж. 1991 онд энд амьдардаг арменичууд Азербайжанаас салан тусгаарлах хөдөлгөөн эхлүүлснийг хөрш Армени улс дэмждэг юм.

 

Эх сурвалж: Reuters