Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоганы хэлсэн үгтэй холбоотойгоор Франц улс Туркээс элчин сайдаа дууджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы хэлсэн үгтэй холбоотойгоор Франц улс Анкара дахь элчин сайдаа дууджээ.

Өнгөрсөн Бямба гарагт Эрдоган эрх баригч намын дотоод арга хэмжээнд оролцохдоо исламын шашинд хүндэтгэлгүй ханддаг хэмээн Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг шүүмжилсэн юм.

“Макронд исламын шашин, муслимууд ямар гай болоод байгаа юм бэ? Макрон сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Өөр шашин шүтлэгтэй олон сая иргэндээ ингэж ялгавартай ханддаг, шашны эрх чөлөөний талаар ойлголтгүй төрийн тэргүүнд үүнээс өөр хэлэх үг алга” гэж Эрдоган хэлжээ.

Аравдугаар сарын 16-нд Парисын ойролцоо гарсан зэрлэг аллагын дараа Эммануэл Макрон исламын радикал үзэлтэй хатуу тэмцэхээ амлаад байгаа.

Эрдоганы хэлсэн үгтэй холбоотойгоор Францын засгийн газар мэдэгдэл гаргасан юм.

“Ерөнхийлөгч Эрдоганы хэм хэмжээнээс хэтэрсэн, бүдүүлэг үйлдлийг эсэргүүцэж байна. Бид хэрэгцээгүй хэрүүл маргаанд оролцохыг хүсэхгүй ч доромжлолыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Элисейн ордны хэвлэлийн төлөөлөгч Бямба гарагт мэдэгджээ.

Улмаар Францын засгийн газар нөхцөл байдлыг үнэлж, цэгнэх зорилгоор Анкара дахь элчин сайдаа Парист дуудсаныг мэдэгдээд үүнийгээ ховор алхам гэж тодорхойлсон байна.

Макрон, Эрдоган нар анх удаа зөрчилдөж байгаа нь энэ биш.

Өнгөрсөн сард Францын ерөнхийлөгч Газрын дундад тэнгисийн зүүн хэсгийн маргаантай бүсэд хайгуулын ажиллагаа явуулж буй Туркийн эрх баригчдыг шүүмжилсний дараа Эрдоган бас хариу мэдэгдэл хийсэн юм.

Бямба гарагт Пакистаны ерөнхий сайд Имран Хан мөн муслимуудыг ялгаварлан гадуурхах бодлого явуулж буй Макроныг хатуу шүүмжилжээ. 

 

Эх сурвалж: CNN