Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цацраг идэвхт усыг далайд асгах нь хүний DNA-г гэмтээх аюултайг Greenpeace анхаарууллаа

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Цацраг идэвхт усыг хадгалж буй савнууд

2011 оны цүнами, газар хөдлөлтийн үеэр Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад томоохон осол гарснаас хойш эвдэрсэн реакторуудыг хөргөхөд их хэмжээний ус ашиглаж байгаа билээ.

Цацраг идэвхт бодисоор хордсон нийт 1.2 сая гаруй тонн усыг Япон улс тусгай нөөцийн савуудад хадгалж байгаа. 

Хөргөлтөд ашиглагдаж, хордсон усны хэмжээ өдөрт 170 тонн орчмоор нэмэгдэж байгаа ба 2022 оны зун гэхэд нөөцийн савны багтаамж нь дүүрэхээр байна.

Тиймээс цацраг идэвхт бодист хордсон усны зарим хэсгийг Номхон далайд асгаж эхлэх талаар Япон улсын засгийн газар төлөвлөж байгаа юм. Уг асуудлаар засгийн газарт зөвлөх үүрэгтэй байгуулагдсан мэргэжилтнүүдийн тусгай хороо усыг далайд асгах нь аюулгүй гэсэн дүгнэлтийг энэ оны эхээр гаргаж байжээ. Гэхдээ уг төлөвлөгөө нь орон нутгийн загасны аж ахуй эрхлэгчид болон хөрш Өмнөд Солонгос улсын эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Японы засгийн газар усыг далайд асгах хугацааг энэ сард багтаан зарлахаар төлөвлөж байгааг Токиогийн албаны эх сурвалжууд саяхан мэдээлж байв. Тэгвэл өчигдөр тус улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хироши Кажияма засгийн газар усыг асгах хугацааг зарлахаа хойшлуулсныг мэдэгдсэн байна.

“Тодорхой хугацаа зарлах шатанд хүрээгүй гэж бид дүгнэлээ. Энэ бол ихээхэн анхаарал болгоомжтой шийдэх асуудал” гэж Кажияма хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Дэлхийн байгаль хамгаалах байгууллага Greenpeace өчигдөр гаргасан мэдэгдэлдээ цацраг идэвхт усыг далайд асгах нь хүний DNA-г гэмтээх аюултайг анхааруулсан байна.

Японы засгийн газар тритий хэмээх устөрөгчийн изотопоос бусад бүх цацраг идэвхт бодисуудыг уснаас шүүж, цэвэрлэсэн гэж мэдэгдэж байгаа юм.

Зарим судлаачид үлдсэн хортой бодисыг Номхон далайн их ус тэр дор нь сарниулах тул хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэлгүй гэж үзэж байна.

Харин Greenpeace байгууллага хордсон усанд “carbon-14” хэмээх цацраг идэвхт бодисын хэмжээ аюултай түвшинд байгаа нь хүний DNA-г гэмтээх нөлөөтэй гэж дүгнэжээ.

Greenpeace-ийн мэдэгдэлтэй холбооотой Япон улсын засгийн газар байр сууриа илэрхийлээгүй байна.

 

Эх сурвалж: BBC