Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс коронавирусийн халдварын нэг сая тохиолдолтой дэлхийн долоо дахь улс боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд Франц улсад коронавирусийн халдварын 42,032 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тоо нь 1,041,075 хүрсэн байна.

Ингэснээр тус улс нэг саяас дээш халдварын батлагдсан тохиолдолтой дэлхийн долоо дахь, Баруун Европын хоёр дахь улс болжээ.

Өнгөрч буй долоо хоногт Аргентин, Испани улсууд энэхүү өндөр босгыг давсан юм.

Өнөөдрийн байдлаар АНУ 8.4 сая, Энэтхэг 7.8 сая, Бразил 5.3 сая, ОХУ 1.5 сая, Аргентин, Испани улсууд тус бүр нэг сая гаруй халдварын тохиолдол бүртгээд байна.

Франц улсад дэгдсэн тахлын эхний давалгааны үед буюу гурваас тавдугаар сарын хооронд өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол нь 7,578 байжээ. Гэтэл энэ долоо хоногийн Пүрэв гарагт анх удаа өдөрт 40,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Аравдугаар сарын 9-нд нэг өдөрт 20,000-аас дээш тохиолдол анх удаа бүртгэгдсэн бол есдүгээр сарын 9-нд 10,000-ыг анх удаа давж байжээ.

Өнөөдрийг хүртэл Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо Францад 34,508 хүрээд байна.

Баасан гарагийн шөнө дундаас эхлэн Франц улсын нутаг дэвсгэрийн гуравны хоёрт хөл хорионы дэглэм тогтоож байгаа.

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон ард түмэндээ хандаж үг хэлэхдээ нэг өдөрт бүртгэгддэг халдварын тохиолдол 3,000-5,000 хүрсэн тохиолдолд хөл хорионы дэглэмийг сулруулах ба харин буурахгүй бол дэглэмийг улам чангаруулна гэж мэдэгдсэн юм.

“Бид ирэх зуныг хүртэл коронавирустэй зэрэгцэн амьдрах өндөр магадлалтай байна” гэж Макрон энэ үеэр хэлжээ.

 

Эх сурвалж: Reuters